"Цагдаа хотхон-Амгалан" цогцолборын шавийг тавьж, захиалга авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-19 16:30:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Цагдаа хотхон - Амгалан" цогцолбор орон сууцны эхний ээлжийн 180 айлын барилга барих ажлыг өнөөдр эхэлж шав тавив. 
Барилгын шав тавих үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, МНБГ-ын хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, ажлын хэсгийн гишүүд болон захиалагч нар оролцлоо. Барилгын ажлын цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон" 1, 2 орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК гүйцэтгэгчээр ажиллах юм. 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тус орон сууцны 1м.кв нь 950 мянган төгрөг бөгөөд урьдчилгаа 30 хувийг төлсөний дараа “Хаан банк”-ны найман хувийн хүүтэй зээлд хамруулахаар төлөвлөжээ. Мөн барилга барих зохих зөвшөөрлийг авч, барилгын ажил эхлэх бэлтгэлийг бүрэн хангасан байна. Цагдаагийн албан хаагчдаас байранд орох хүсэлтийг хүлээн авч байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
Связанные новости