Далангаас Бага наран хүртэлх автозамын хөдөлгөөнийг 21-нд нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 21-нд нээхээр төлөвлөж байна.
Тус дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил энэ сарын 10-нд эхэлсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд дээрх 1.7 км замын хөдөлгөөний хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байгаа юм.
Харин Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30-нд дуусгаж, зорчих хэсгийг нээх аж. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол энэ оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх аж.
Н.Туяа