Дээд хэмжээний уулзалтаар гурван улсын худалдааны асуудлыг чухалчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-15 14:36:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол, ОХУ, БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо болж байна.

Уулзалтаар 300 гаруй бизнесийн төлөөлөл гурван талт хамтын ажиллагаа бизнес, худалдааг өргөтгөх, хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуудлаар санал солилцож буй юм.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын  дарга С.Н. Катырин, БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чин Жөн нарын тэргүүтэй  албаныхан оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээ “Монгол, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм” бизнес хэлэлцүүлгээр өрнөж байгаа юм.  Мөн тус уулзалтын хүрээнд уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаанууд болж, гурван улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, хил орчмын худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, салбаруудад хэрэгжүүлэх боломжтой томоохон төслүүдийг харилцан танилцуулж буйгаараа онцлогтой юм.



Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлэхдээ, “Гурван улсын худалдаа эдийн засгийн энэхүү чуулган бол хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Худалдаа аж үйлдвэрүүдийн танхимуудын үүрэг, бизнес эрхлэгчдийг дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгах талаар төр засагтай хэрхэн хамтарч ажиллах, асуудлуудыг улс хоорондын Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэх зэрэг бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцдэг чухал арга хэмжээ” хэмээн онцлов.

Монгол Улсын хувьд хил дамнасан худалдаа, бичиг баримтын бүрдүүлэлттэй холбоотой хүнд суртал, давхардал, хяналт шалгалт гээд хөрш орнууд хооронд хүлээн зөвшөөрөх  нөхцлийг сайжруулах шаардлагатай гэдгийг монголын талын бизнесийнхэн тодотгож байв. Тиймээс энэ удаагийн уулзалтаар дээрх асуудлыг бүх талаар хөнгөвчлөх ялангуяа хоёр хөрштэй хийх худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд МҮХАҮТ анхаарч, энэ чиглэлээр хэлэлцээ хийнэ гэдгээ илэрхийлсэн.

Мөн бизнес эрхлэгчид тарифын асуудлыг хөндөж байна. Манай улс БНХАУ-тай 36 хувийн импортын татвар төлж  байгаа бол ОХУ-д 40 гаруй хувийн татвар төлж бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Тиймээс  хоёр хөрш рүү Монгол Улсын ямар ч бүтээгдэхүүнийг экспортлосноор өрсөлдөх чадвар сул байгааг уулзалтын үеэр төлөөлөгчид тодотгосон. Тэгвэл дээрх тарифыг бууруулахын тулд МҮХАҮТ-ын зүгээс  ОХУ-ын ХАҮТ-тай хэлэлцээр хийж буй аж. Улмаар  БНХАУ-тай хилийн хяналт шалгалтыг давхардуулалгүй нэг талд нь хянаж хүлээн зөвшөөрөх нөхцлийн талаар ярилцаж буйгаа МҮХАҮТ-ын удирдлагууд дуулгав.
 
МҮХАҮТ-ЫН ОРЛОГЧ ДАРГА М.САРАНДАВАА:

2017 оныг МҮХАҮТ-аас худалдааг хөнгөвчлөх жил болгон зарласан. Тиймээс бизнес эрхлэгчдийнхээ хоёр хөрштэй хийх худалдааны нөхцлийг сайжруулах талаар энэ удаагийн уулзалтаар хэлэлцэж байна. БНХАУ-ын Нэг бүс, нэг зам санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны замын бүсд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад улс орнууд нэгдэн эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ асуудал дээр гурван талын Худалдаа аж үйлдвэрийн танхим идэвх санаачилгатай ажиллаж ХАҮТ-ууд тэдний гишүүн байгууллагууд бизнес эрхлэгчдийн бодит оролцоог харилцан тодорхойлох талаар  ярилцаж байна. Монголын талаас эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, барилга, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбар болон томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч байна. Хоёр хөршийн бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангаснаар хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллах боломж бүрдэнэ гэж харж байна.  Хөрөнгө оруулалтын чиглэлд буюу Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг  манай талаас санал болгож байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд Япон руу манай улс  5300 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Мөн Монгол Улс Европын холбоо руу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах  боломж бүрдсэн. Тухайлбал Эрхүүгийн модны үйлдвэр Владивостокоор дамжуулан Япон руу экспорт хийдэг. Ингэхдээ 16 хувийн татварыг тэд төлж байх жишээтэй. Харин энэ шугмыг Монголоор дамжуулбал энд 6 хувийн өртөг шингээгээд 10 хувийн татвар төлөх замаар Япон руу бүтээгдэхүүнээ гарах боломж бий. Өөрөөр хэлбэл ОХУ 10 хувийн татвар хэмнэх боломжтой юм. Энэ мэтчилэн харилцан ашигтай ажиллах боломжийн талаар ярилцаж байна. Мөн тээвэр логистикийг шийдэхгүйгээр ганзгын наймаа асуудалтай хэвээр байсаар байна. Тяньжиниас манайх руу ачуулсан бараа сар гаруй хугацаанд  явж ирдэг. Тиймээс тээвэрлэлтийн хугацаатай холбоотой асуудлаар БНХАУ-д манай талаас тодорхой  саналуудыг тавьсан. 
Нөгөөтэйгүүр ОХУ визгүй болсон хэдий ч машин, техник хэрэгслийг нэвтрүүлэх хураамж  нэмэгдснээр визний мөнгөө нөхсөн хэмээн монгол иргэд шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл визний хураамж төлдөгөөс илүү нэмэгдсэн гэсэн үг. Манай улс гурван улсын худалдааны асуудалд ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын хувьд 70 хувийн худалдааг БНХАУ-тай хийж байна. Харин нефтиэс бусад бүтээгдэхүүн дээр ОХУ-тай 1 хувийн л худалдаа хийж байгаа. Үүнийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж, хилийн нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, хүнд суртлыг бууруулах,  уламжлалт бизнесийг дараагийн түвшинд гаргах хэрэгцээ байгаа. Үүний суурийг тавихаар гурван улсын худалдааны танхимууд мэдээлэл солилцож цахим худалдааг бий болгох талаар удирдлагын түвшинд ярилцлаа.

БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН  ХУДАЛДААГ ДЭМЖИХ ХОРООНЫ ОРЛОГЧ ДАРГА ЧИН ЖӨН:


-МҮХАҮТ энэ удаагийн уулзалтыг маш өндөр зохион байгуулалттай хийж буйд талархал дэвшүүлье. Манай  Олон улсын Худалдааг дэмжих хороо бол бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өнөөдөр гурван улсын бизнес эрхлэгчид нэгдсэн ойлголтод хүрч, мэдээлэл солилцож байна. Ингэснээр гурван улсын худалдааны бараа эргэлт сайжирч, шинэ бизнес, ноу хау, техник технологийг нэвтрүүлэх, түншлэх гарц бий болно. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах боломжтой. Энэ саналыг манай талаас дэмжиж байна. 




УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:

-Сая хоёр улсын ХАҮТ-уудын дарга нартай уулзлаа. Уулзалтаар манай талаас бизнесийг хөгжүүлэхэд ямар саад тотгор байна вэ. Асуудлыг ил тод тавихын хэрээр шийдэх боломжтой гэдгийг онцоллоо. Монгол- Орос –Хятадын ХАҮТ-ууд 13 дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийн хоёр удаагийн хямрал таарсан байдаг. Гадныхан Монгол Улсын бодлого тогтвортой биш байгааг шүүмжилдэг. 2016 оны хувьд нэг нам эрх барих болсны давуу тал нь гаргасан шийдвэр, бодлого тогтвортой байх боломж бүрдсэнийг тодотголоо. Ер нь Монгол Улсын  хөгжлийн гарц бол бизнесийн орчин тогтвортой байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах юм. Түүнчлэн Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд манай улсад Орос Хятад улс үйлдвэрээ байгуулан, гэрээ хийж, Япон руу хямд өртгөөр бүтээгдэхүүнээ гаргах боломж бүхий хөрөнгө оруулалтын таатай орчин байгааг уулзалтаар хэлсэн гэв.

Ийнхүү Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалтаар олон асуудлыг хөндөж байна. Чуулга уулзалт маргааш өндөрлөнө.
Б.Заяа
Связанные новости