Иргэдэд лавлагаа мэдээлэл олгож, гадаад паспорт сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-05-17 16:41:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь олгож байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож үг хэлсэн бөгөөд тус салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн талаар онцлов. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд энэ оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдөр буюу өнөөдөр ХЗДХЯ, ХХЕГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, ХСИС, ХЗҮХ, Нотариатын байгууллага оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлэв. ХЗДХЯ батлагдсан хууль, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, боловсруулж байгаа гол гол хууль, хуулийн төслийн талаар сонирхсон иргэдэд хууль боловсруулагчид нь нээлттэй мэдээлэл өгсөн бол Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар тус байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. Түүнчлэн иргэдэд ТҮЦ машинаар үйлчилж, лавлагаа мэдээлэл өгч, гадаад паспортны сунгалт хийлээ. 



ХХЕГ хилийн цэргийн төв архивын лавлагаа гаргах, хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, иргэдийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа гаргах, гэрээт хилчний албаны талаар мэдээлэл өгсөн бол Архивын ерөнхий газар 1933,1944,1956 оны хүн амын тооллогын лавлагаа болон өдөрлөгт оролцогч эхний 100 хүний нэрийг Монгол бичгээр бичиж өгч байлаа. 

ХСИС 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах иргэдийн цахим бүртгэлийг зохион байгуулсан бол ХЗҮХ эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангаас эрх зүйн актын лавлагаа, мэдээлэл өгөх, шинэ хууль тогтоомжийн танилцуулга,  хямдралтай номын худалдаа зохион байгуулна.



Харин маргааш ШШГЕГ, ЦЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, ТТАХНЭ зэрэг байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах юм байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости