Санкт-Петербургийн халдлагад холбоотой өөр нэгэн этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-18 10:18:28
МОСКВА. /TASS/. Энэ сарын эхээр Санкт-Петербургийн метронд болж, олон хүний аминд хүрсэн халдлагатай холбогдуулан Төв Азиас гаралтай нэгэн этгээдийг өчигдөр Оросын холбогдох албаны хүмүүс баривчилжээ.

Тус улсын Холбооны аюулгүй байдлын газрын мэдэгдсэнээр, 27 настай Аброр Азимов гэгчийг Москва хотын захын дүүрэгт баривчилсан байна. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар, дөрөвдүгээр сарын 3-нд Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербургийн метронд өөрийгөө дэлбэлэн 14 хүний аминд хүрсэн амиа золиослогчийг Аброр Азимов бэлтгэсэн гэж сэжиглэж байгаа аж.

Амиа золиосолсон этгээд нь киргиз гаралтай Акбаржон Жалилов гэгч байсан юм.

Метроны халдлагатай холбогдуулан Азимовоос гадна Төв Азиас гаралтай эрэгтэй, эмэгтэй нийт найман хүнийг баривчилсан билээ.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсууд руу лалын хэт давруу үзэлтнүүд нэвтэрсэн гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд


 

Связанные новости