“Amazon” ажилтнуудаа роботоор орлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-22 17:19:16

СИЭТЛ, 2025 оны аравдугаар сарын 22 /Anadolu/. “Amazon” компани ойрын жилүүдэд АНУ-д хагас сая гаруй ажилтныг орлох автоматжуулалтын томоохон өргөтгөл хийхээр төлөвлөж байна гэж “The New York Times” сонинд мягмар гарагт мэдээлжээ. 


Компанийн дотоод баримт бичиг, ярилцлагуудаас үзэхэд “Amazon”-ы робот техникийн хэлтэс нь үйл ажиллагааныхаа дөрөвний гурвыг автоматжуулах зорилт тавиад байна. Үүнийг хэрэгжүүлснээр АНУ-ын цахим худалдааны томоохон компани 2027 он хүртэл 160 мянга гаруй хүнийг ажилд авах шаардлагагүй болж, 2025-2027 оны хооронд 12.6 тэрбум ам.долларыг хэмнэх боломжтой. “Amazon” 2033 он хүртэл ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхгүйгээр бүтээгдэхүүний борлуулалтыг хоёр дахин өсгөхөөр төлөвлөж байна.


Автоматжуулалт нь ажилтнуудыг давхардсан ажлаас чөлөөлж, роботын засвар үйлчилгээ, инженерчлэлд техникийн шинэ орон зайг бий болгох ажээ. “Amazon” олон нийтийн эсэргүүцлээс зайлсхийхийн тулд “робот”, “автоматжуулалт” гэхээсээ илүүтэй “дэвшилтэт технологи”, “кобот” гэх мэт нэр томъёог илүүд үзэж байна гэж тус сонинд мэдээлсэн байна.


Харин “Amazon”-ы зүгээс мэдээний агуулгыг үгүйсгэж, дээр дурдсан баримт бичгүүд нь бүрэн бус бөгөөд ажилд авах ерөнхий стратегийг тусгаагүй гэж мэдэгджээ. Хэвлэлийн төлөөлөгч Келли Нантел ярихдаа, “Amazon” удахгүй болох баярын улиралд 250 мянган хүнийг ажилд авахаар төлөвлөж байна гэжээ. Гэсэн хэдий ч тэдгээр ажлын байрны хэд нь байнгынх вэ гэдгийг тодруулахаас татгалзжээ. 2018 оноос хойш “Amazon”-ы АНУ дахь ажиллах хүчний тоо эрс нэмэгдэж, ойролцоогоор 1.2 сая орчим ажилтантай болоод байна.  

 


Связанные новости