Боливийн ерөнхийлөгчийн сонгуульд Р.Пас ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-20 15:24:33

СУКРЕ, 2025 оны аравдугаар сарын 20 /DW/. Зүүний үзэл баримтлалтай Социализмын төлөөх хөдөлгөөн” нам 20 жилийн турш засаглаж ирсэн Боливид бизнесийг дэмжигч барууны төвч үзэлт сенатч Родриго Пас ням гарагт шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ. 


Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад 54.6 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, барууны үзэлт түр ерөнхийлөгч асан Хорхе “Туто” Кирогаг 45.4 хувийн санал авчээ.


С.Паз сонгуульд ялсныхаа дараа үг хэлэхдээ, манай улс олон улсын тавцанд байр сууриа сэргээж байна хэмээн онцолжээ. Бид Боливийг дэлхийд нээж, гүйцэтгэх үүргийг нь сэргээх ёстой гэж өдгөө 58 настай эдийн засагч мэргэжилтэй сенатч гэж нэмж хэлсэн байна.


Боливи нь 2023 оноос хойш ам.долларын хомсдолд нэрвэгдсэнээр сүүлийн хэдэн арван жилд байгаагүй томоохон эдийн засгийн хямрал нүүрлэж, боливичуудын хадгаламжийн дансан дахь мөнгө түгжигдэж, импортод саад учрах болжээ. Үүний зэрэгцээ Боливийн мөнгөн тэмдэгт боливианогийн ханш огцом унасан байна. Өнгөрсөн сард инфляц 23 хувьд хүрсэн нь 1991 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.


Боливийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид юу амласан бэ?

Х.Кирога, Р.Пас нар хоёулаа өөрчлөлт шинэчлэлтийн төлөөх нэр дэвшигчийн хувиар өөрсдийгөө сурталчлахыг эрмэлзэж, улс орноо 20 жил үргэлжилсэн популист эдийн засгийн бодлогоос салгана гэж амласан байна.


Ерөнхийлөгч асан Эво Моралесийн үүсгэн байгуулсан Социализмын төлөөх хөдөлгөөн” наймдугаар сард болсон сонгуулийн дүнгээр засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсны дараа энэ удаагийн сонгууль явагджээ. Сонгуулийн дүн бол нам доторх тэмцэл, шатахууны хомсдолд сонгогчид бухимдаж буйн илрэл гэж шинжээчид үзэж байна.


Х.Кирога, Р.Пас нар хоёулаа валютын ханшийг тогтоож, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бүтцийг өөрчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж амлажээ. Х.Кирогагийн хувьд Олон улсын валютын сангаас /ОУВС/ шуурхай зээл авахын зэрэгцээ зардлаа эрс танах, засгийн газрын орон тоог бууруулах, одоогийн байдлаар улсын оролцоотой үйлдвэрийн газруудыг хувьчлах зэрэг асуудлуудыг хөндсөн байна.


Харин Р.Пас авлига хээл хахууль болон хар захтай тэмцэх замаар ОУВС-гийн тусламжаас зайлсхийхийн зэрэгцээ төрөөс олгож буй шатахууны татаасыг шууд хязгаарлахын оронд аажмаар зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 


Связанные новости