Австрийн тал Оросын эсрэг хоригийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 11:29:21

ВЕНА, 2025 оны аравдугаар сарын 19 /DW/. Австри улс өмнөх байр сууриа өөрчилж, Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжинэ гэдгээ мэдэгдсэнээр 19 дэх багц хоригийг батлахад саад болж байсан гол хүчин зүйл ариллаа. Энэ тухай Австрийн ГХЯ мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилжээ.


Одоо Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Люксембургт уулзаж, Оросын эсрэг авах 19 дэх багц хоригийг эцэслэн батлах юм.


Өмнө нь, Оросын талаас Австрийн Райфайзен Банк Интернэшл банкинд торгууль ногдуулснаас үүдэн нөхөн төлбөр олгохыг Австрийн тал шаардаж байснаас үүдэн багц хоригийг батлах асуудал мухардалд ороод байв. Уг шаардлагыг Европын Холбооны гишүүн бусад улс дэмжихгүй байсан юм. Мөн Словак улс шинэ багц хоригийг батлах нь зүйтэй эсэхэд эргэлзсэн байр суурьтай байсан бол одоо эргэлзээг тайлж, зөвшилцөлд хүрч чадсан ажээ.

Хоригийг батлахын тулд ЕХ-ны гишүүн бүх 27 улс нэгдмэл байр суурьтай байх ёстой.  


19 дэх багцын хүрээнд Оросын санхүү, эрчим хүчний салбарт хориг тавих юм. Тухайлбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросоос шингэрүүлсэн хийг импортлохыг хориглоно. Түүнчлэн Оросын нефть тээвэрлэгч танкерууд, криптовалютаар гүйлгээ хийдэг байгууллагууд, Оросын ба Төв Азийн орнуудын банкууд, Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд, мөн хэд хэдэн эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хориг тавих ажээ. 

Связанные новости