Калифорнид үдэшлэгт оролцогчид руу гал нээсний улмаас 9 хүүхэд шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-17 11:29:24
НЬЮ-ЙОРК. /TASS/. Калифорни муж улсын Вальехо хотод ням гарагт залуучуудын үдэшлэг болж байсан байрны дэргэд үл мэдэгдэх этгээдүүд гал нээсний улмаас 9 хүүхэд шархаджээ. Энэ тухай тус хотын цагдаагийн газрын төлөөлөгч Кевин Бартлет мэдээллээ.

Түүний ярьснаар, үдэшлэг дуусч хүмүүс байрнаас гарч ирэх үед хажуугаар өнгөрч явсан автомашинаас үл мэдэх этгээд бөөндөө зогсч байсан 50 орчим хүн рүү гал нээжээ. Тэдгээр хүмүүсээс найман хүүхэд бууны суманд оногдон шархадсан бол нэг хүүхэд үймээн сандрааны үер хүмүүст дарагдан гэмтжээ. 

Хохирогчид бүгдээрээ өсвөр насныхан байсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэжээ. Тэдгээр хүүхдүүдийн хамгийн бага нь 13 настай аж. “Шархадсан хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа” гэж К.Бартлет мэдэгджээ.

Түүний хэлснээр, ямар сэдлээр хүүхдүүд рүү буудсан болохыг одоогоор тогтоогоогүй байгаа ба хоёр этгээд хэргийн газраас зугтан зайлжээ. Тэднийг эрэн сурвалжилж байна.
О.Барс


 

 




Связанные новости