Төвбанк зээлээ бүрэн төлж барагдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-04-12 10:58:46

Монголбанкны удирдлага зээл авахыг зогсоож, өмнөх  зээлийг төлж барагдуулах чиглэлийг өнгөрөгч наймдугаар сараас баримталж ажилласан. Үүний үр дүнд Төвбанк 2016 онд багтаан өмнөх зээлийг бүрэн төлж дууссан байна.

Дээрх зээлийн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөл нь эдийн засгийн агуулгаараа үр ашиггүй байсныг албаныхан тодотгож буй юм.

Өнгөрсөн жилүүдэд Монголбанк гадны банкуудаас алтаар эргүүлэн төлөх нөхцлөөр богино хугацаатай зээл авч байжээ.

Тодруулбал 2014 онд 60 сая ам.доллар, 2015 онд 160 сая ам.долларыг 9.3 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг.  Эдгээр зээлийн эргэн төлөлтөд 2014-2016 онд Монголбанк нийт 12.1 тонн алт ачуулсан байна. 

Харин 2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаах алт нь өмнө тавьсан өрийг барагдуулахад бус, улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ.

Төвбанк худалдаж авах алтны хэмжээг энэ онд 20-22 тоннд  хүргэх тооцоо гаргасан бөгөөд ингэснээр валютын нөөц  800-880 сая ам.доллараар өсөх дүр зураг гарчээ.

Б.Заяа

Связанные новости