Смарт карт хэрэглэснээр нийтийн тээврийн шугамын орлого 15 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаан сарын өмнө нийтийн тээвэрт 550 мянган карт хэрэглэж байна гэсэн тооцоо байсан бол автобусны мөнгөний хайрцгийг хурааснаар смарт картын хэрэглээ 50 гаруй хувиар өссөн хэмээн албаныхан хэллээ.
Нийтийн тээврээр зорчигчид зорчихдоо дутуу мөнгө хийх, 100-тын дэвсгэрийн голд цаас хавчуулж зузаалах, мөнгөн сканердаж, канондох гэх мэт зөрчил илэрч автобус компаниудын орлого татарсаныг албаныхан онцолж байсан.
Тэгвэл зөвхөн цахим картыг ашиглах болсноор ийтийн тээврийн шугамын орлого дөрөвдүгээр сарын 1-нээс хойш 15 хувиар өссөн байна. Тодруулбал зөвхөн картаар үйлчлүүлэх болсноос хойш өдрийн орлого 90 сая төгрөг болж нэмэгджээ. Хотын иргэд нийт 847,614 карт ашиглаж буй бөгөөд өдөрт давхардсан тоогоор 700 мянган орчим удаа картаар зорчиж буй аж.
Өнөөдрийн байдлаар иргэд нийтийн тээврээр зорчихдоо дөрвөн төрлөөр төлбөрөө төлж байгаа бөгөөд хүссэн хэмжээгээрээ цэнэглээд ашиглах боломжтой U Money карт болон Хаан банктай хамтарсан “City Basic” карт, Юнителийн NFC сим картыг ашиглаж буй юм.
Одоогийн байдлаар нийслэлд карт цэнэглэх 438 цэг ажиллаж байгаа бөгөөд хэтдээ 500 болгохоор төлөвлөжээ.
2015 оны долдугаар сарын 29-ний өдөр нийтийн тээврийн хэрэгсэл кондукторгүй болгож, цахим карт нэвтрүүлсэн.
Б.Заяа