Дэлхийн хөрөнгийн зах зээлийн шилдгүүд туршлагаасаа хуваалцана
МОНГОЛЫН МЭДЭЭСанхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд нэг дор цуглах "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт энэ сарын 22-23-нд "Корпорэйт конвеншн" зочид буудалд болно.
Энэхүү чуулга уулзалтаар Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвийг хэлэлцэх бөгөөд хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд чиглэж буйг зохион байгуулагчид нь онцолж байна. Чуулганаар зөвхөн хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулаад зогсохгүй иргэдэд санхүүгийн боловсрол олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох аж.
Мөн үеэр дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид туршлагаасаа хуваалцаж, зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэх юм байна. Тодруулбал Швейцарийн “Adveq Management AG”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бруно Рашле оролцож хөрөнгө оруулалтын сангийн баримтладаг зарчмууд, хөрөнгө оруулалт хүсэгчдэд тавьдаг шаардлагуудын талаар мэдээлэл өгөх аж.
Ийнхүү илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, бизнес уулзалт, үзэсгэлэн, санхүүгийн бараа, бүтээгдэхүүний танилцуулга нэг дороос хүргэх чуулган ухаалгаар хуримтлалаа удирддаг хөрөнгө оруулагч үндэстэнг бий болгохоос эхлээд олон зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал, эдийн засаг дахь банк санхүү болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох гарц, шийдлийг олоход төвлөрөх юм байна.
Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбарт дангаар бүрдүүлж байгаа энэ үед тус чуулганыг зохион байгуулснаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэм болно гэдгийг мэргэжилтнүүд тодотгов. Чуулга уулзалтаар иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан шинэ номын нээлт болох бөгөөд хувийн санхүү, хөрөнгөө хэрхэн зөв удирдах талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.
Дашрамд дурдахад "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганы хоёр дахь өдөр "Ард санхүүгийн нэгдэл" болон "Хөрөнгө оруулагч үндэстэн" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох аж.
Б.Заяа