Хавар дэгддэг халдварт өвчнөөс сэргийлэхэд МХЕГ анхаарч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар, чиглэл зөвлөмж өгсний дагуу тус газрын байцаагчид хяналтаа эрчимжүүлж эхэллээ.
Н.Цагаанхүү “Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ өнгө төрхөөр ажиллаж, хяналт, үйл ажиллагааны чиглэл олон улсын чиг хандлага руу явж байна. Бид зөвлөнө, туслана, хугацаатай албан шаардлага өгч зөрчил дутагдлаа засч залруулах боломж олгоно. Үүний дараа хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулбал нийтийн эрх ашгийн үүднээс хуулийн дагуу хариуцлага тооцно. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага шууд шалгаж акт тогтоох биш эхлээд асуудлаа ярилцаж, гарц шийдлээ олдог байх нь чухал” хэмээн онцлоод аливаа эрсдлийг улирлаар тооцох хэрэгтэй. Урин дулааны улиралд хөрсний бохирдол, хачиг, бохир гар, хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гээд хаврын улиралд дэгддэг халдварт өвчний эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр СӨХ, сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж, мөн ХӨСҮТ, НЭМҮТ, дүүргүүдийн эмнэлэгтэй хамтран ажиллах үүрэг өгсөн юм. Уулзалтад МХЕГ, НМХГ, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын 107 улсын байцаагч оролцов. Тэд уг үүргийн дагуу хяналт шалгалт хийж эхэлсэн байна.
Ж.Батсайхан