Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд зөвлөлдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын ерөнхий прокурорын хурлын танхимд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх сургалт, зөвлөгөөнийг Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Амгаланбаатар нээлээ. Зөвлөгөөний хүрээнд ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажилтай холбоотой мэдлэг, мэдээллийг прокуроруудад хүргэхээс гадна прокурорын байгууллагын болон чиг үүргийн хүрээнд ажил хэргийн холбоотой байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, төлөвлөсөн ажил, зорилго, зорилт, хүлээгдэж буй хууль тогтоомж, шинээр зохицуулагдах эрх зүйн харилцааны талаар мэдлэг, мэдээлэл авах, одоогийн хууль тогтоомж, удирдамжийн баримт бичгийн хүрээнд хяналтын ажлын явц, үр дүн ямар байгааг дүгнэж, алдаа дутагдал оршиж байгаа шалтгаан, нөхцлийг хэлэлцэх, хэрэгжүүлэх ажлууд, үйл ажиллагаанд баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох үүднээс зөвлөлдөж байна. Зөвлөгөөний эхний өдөр буюу өнөөдөр "Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үзэл баримтлал", "Хяналтын ажил дүгнэх аргачлал, анхаарах зарим асуудал", " Прокурорын хяналт ба хүний эрх", "Хорих ял ба хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа", "Хүний эрх ба хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа", "Ялтны сэтгэлзүй, түүний онцлог" зэрэг сэдвүүдээр УЕПГ-ын Сургалт судалгааны төв, Хүний эрхий үндэсний комисс, Хууль сахиулахын их сургуулийн багш нар ирж хичээл зааж байна. Харин маргааш буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр "Шинэчлэгдсэн цахим бүртгэлийг хөтлөхөд анхаарах зарим асуудал", "Ял эдлүүлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж байгаа бодлого, чиглэл", "Захиргааны журмаар баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байр болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ял эдлүүлэх ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газраас баримтлах бодлого, чиглэл", "Ялтныг нийгэмшүүлэх ажлын явц, үр дүн", "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт", "Ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй заавар, журмын хэрэгжилт", "Хяналтын чиглэлээр анхаарах зарим асуудал" зэрэг сэдвээр зөвлөгөөн үргэлжилнэ. Харин зөвлөгөөний гурав дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд ШШГЕГ-ын харьяа хорих 409, 461, 401 дүгээр ангиудад очиж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцах гэнэ. Түүнчлэн зөвлөгөөнд оролцож байгаа ял эдлүүлэх ажиллагаанд ажиллагаанд хяналт тавих прокурорууд зөвлөгөөнөөс гарсан үүрэг, чиглэлийг биелүүлэхээс гадна шинээр томилогдсон прокуроруудыг сургах, мэдлэг олгох, туршлага судлах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах юм байна.
Ж.Батсайхан