СБД-ийн 29 дүгээр сургуулийн багш нар байр сууриа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн багш ажилтан, эцэг эхийн төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Тэд “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог” гэх утгатай мэдээллийг medee.mn сайт нийтэлсэн нь ташаа мэдээлэл хэмээн мэдэгдлээ. Мөн уг мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг сургуулийн бүрэн камержуулсан байдал, хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид сургууль дээр байдаг, улсын болон олон улсын байгууллагуудаас байнга шалгалт хийдэг нээлтэй сургууль гэдгээр батлах боломжтой хэмээн онцлов.
Мэдээллийн эхэнд тус сургуулийн сургалтын менежер Д.Алимаа сургуулийн үйл ажиллгааны талаар танилцуулав. Тэрээр, “Манай сургууль 1964 онд байгуулагдсан. Нийслэл болон хөдөө орон нутгийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй сурагчдыг элсүүлэн бага, бүрэн дунд боловсрол олгохоос гадна мэргэжлийн анхан шатны чиг баримжаа олгох сургалт явуулдаг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Бид сонсголын бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох анхан шатны сургалтыг 2008 оноос эхэлсэн. 2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр сургуулийн хэсэг сурагчдаас сургуулийн багш нарт шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу дотооддоо олон ажлыг төлөвлөн, дүгнэлт хийж ажиллаж байна. Багш нарынхаа мэдлэг ур чадварыг сайжруулах, дохионы хэлний сургалтыг үе шаттай явуулж байна" гэв.
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр: Энэ сарын 01-нд medee.mn сайтад бага насны охидод бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн мэдээлэл гарсан. Ийм асуудал огт болоогүй. Тухайн гэмт хэрэг гарах орчин нөхцөл энэ сургуульд байхгүй. Сургууль 340 орчим хүүхэдтэй. Үүний 140 хүүхэд дотуур байранд амьдардаг. Эдгээр хүүхэд байнгын хатуу хараа хяналтан дор, эмчийн үзлэгт байнга хамардаг. Мөн нийгмийн ажилтандаа сургууль дээр болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар санал гомдлоо хэлж байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, иргэний хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдээс мэдээлэл авч түүнийгээ орон даяар тарааж хэвлэн нийтэлж байгаа нь эрүүгийн хуулийн 110,111- р зүйлд зааснаар бусдыг гүтгэх, доромжлох гэсэн зүйлд хамаарна. Иргэний шүүх болон цагдаад хандан, асуудлыг шийдвэрлүүлнэ.
Нийгмийн ажилтан Р.Буянжаргал: Гуравдугаар сарын 27-нд хүүхдүүд сургуулийн удирдлага, багш нар дохионы хэлээр заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Манай суруульд БСШУСЯ-наас шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байна. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсэн. Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Иймээс хуулийн байгууллагад бид шалгуулахад бэлэн байна. Хоёр гурван эрэгтэй багш хүүхдэд бэлгийн дарамт үзүүлж байгаа мэдээлэл гарсан байсан шүү дээ. Үүнийг бол хууль хяналтын байгууллагынхан тогтооно.
Энэ талаар Мэдээ.мн сайтын эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Б.Гантуяагаас тодруулахад, “Манай сайт тус сургуулийн сурагч А-гаас ярилцлага авч нийтэлсэн. Уг ярилцлагад сурагч А нь сурагчдад тулгамдаж байгаа ноцтой асуудлуудыг дэлгэж ярьсан. Гэтэл 29 дүгээр сургуулийн багш нар "мэдээ.мн" сайтыг худал ташаа мэдээлэл нийтэлсэн хэмээн олон нийтэд зарлаж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ асуудлыг хууль цагдаагийн байгууллага шалгаж үнэхээр энэ сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Сургуулийн багш нар нэн түрүүнд өөрсдийгөө хамгаалахаар завдаж хүүхдийн асуудалд анхаарахгүй байгаа нь илт байна. Тиймээс холбогдох яам, албан тушаалтнууд энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна” гэв.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал