Amazon-ын эзэн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-03-30 11:07:48

НЬЮ-ЙОРК. /TASS/. Amazon компанийн эзэн Жеффри Безос дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансаанд хоёрдугаарт жагсчээ. Үүнийг  Bloomberg агентлагийн хамгийн сүүлд гаргасан үнэлгээ харуулж байна.

 

 

Өмнө нь уг чансааны хоёрдугаарт “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын компанийн эзэн Уоррен Баффет бичигдэж байсан юм. 

Ж.Безосын хөрөнгө чинээ одоо 75,6 тэрбум доллароор үнэлэгдэж байгаа ба лхагва гарагийн арилжаагаар Aмазоны хөрөнгө 9 тэрбум орчим доллароор өссөн бол Баффетын хөрөнгийн нийт үнэлгээ 74,9 тэрбум доллар болж, 24 цагийн хугацаанд 809 сая доллароор буурчээ.

Манай гарагийн хамгийн баян чинээлэг хүнээр программ хангамжийн “Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс олон жилийн туршид тодорсоор байгаа билээ. Тэрбээр “Bloomberg”-ийн үнэлгээгээр нийтдээ 86 тэрбум долларын хөрөнгөтэй ба сүүлийн нэг хоногт 11,4 сая доллар алджээ.

Америкийн “Forbes” сэтгүүл 3 дугаар сарын 20-нд дэлхийн хамгийн баян хүмүүсийн актив хөрөнгийн талаарх үнэлгээгээ нийтэлжээ. Тус сэтгүүлээс гаргасан жагсаалтыг Б.Гейтс тэргүүлж, Баффет удаалсан бол гуравдугаарт Ж.Безос оржээ.

Ж.Безос нь Америкийн “Blue Origin” компанийг эзэмшдэг бөгөөд тус компани сансрын аялал жуулчлалын тогтмол нислэг хийнэ гэж мэдэгдэж байсан билээ.

Тус компани Boeing, Lockheed Martin компаниудын үүсгэн байгуулсан United Launch Alliance консорциумтай хамтран пуужингийн BE-4 хөдөлгүүрийг зохион бүтээж байгаа ажээ. Уг хөдөлгүүр нь Atlas V пуужинд суурилуулж буй Оросын "РД-180" хөдөлгүүрийг орлох юм. 

О.Барс

 

Связанные новости