Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах гадаад зах зээлийн судалгаа гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг хүндэрсэн энэ үед тэргүүлэх чиглэлийн салбарыг тодорхойлж хөрөнгө оруулалт, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг зөв зохистой төлөвлөх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Үйлдвэржилтийг дэмжих сэтгүүлчдийн нэгдсэн холбоо хамтран өнөөдөр “Эх орны үйлдвэрээ дэмжиж, эдийн засгийг сэргээх” сэдвээр сэтгүүлчидтэй санал солилцсон юм.
Энэ үеэр Үндэсний хөгжлийн газраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн зураг төлөвлөлт, зураглалыг боловсруулснаа танилцуулав. Дээрх ажлын хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 6000 гаруй үйлдвэрийг нэгдсэн онлайн системд бүртгэжээ. Уг системийг ашиглан энэ онд боловсруулах салбарын судалгааг хийж дуусгах юм байна. Судалгааг гаргаснаар үндэсний аж үйлдвэрийн технологи, дэд бүтэц, логистик, борлуулалт, хүний нөөцөөр дэмжих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан тодотгов.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо 70-80 хувь байх төлөв гарчээ.
Энэ үеэр Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Үйлдвэржилтийг дэмжих сэтгүүлчдийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд талууд Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах, гадаад зах зээлийн судалгааг боловсруулах, олон улсын инновацийн шилдэг технологийг үндэсний үйлдвэрт нэвтрүүлэх судалгаа хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих багц хуулийн төсөл боловсруулахад санал өгөх зэргээр хамтарч ажиллахаар болж байна.
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан "Ямар ч улс орон үйлдвэржилтээ бодитоор дэмжиж чадвал үндэсний сэргэн мандалт ирдэг. Тиймээс монголчууд нэгдэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж босгох цаг нь ирсэн. Уул уурхай , мал аж ахуй, худалдааны эдийн засгаас үйлдвэржилтийн эдийн засгийн бүтэц рүү шилжих хууль эрхзүй, бизнесийн орчныг бүрдүүлэх, үйлдвэржилтийн талаар нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэхээс эхлээд бидэнд хийх зүйл их байна” хэмээн ярилаа.
Б.Заяа