“Уул уурхайн 7 хоног” маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-10 16:32:03

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассосиацтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Mining Week & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн маргааш Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэлнэ.


Дөрөв дэх жилдээ зохион байгуулах уг үйл ажиллагаа өнөө жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт, Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор гурван өдөр үргэлжлэх юм. Эрдэс баялгийн салбарын хамгийн том үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, дотоод, гадаадын зочид болон салбарын мэргэжилтнүүд оролцох ажээ.


“Уул уурхайн 7 хоног” нь тогтвортой хөгжлийн бодлого, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, шинэ эрчим хүч, газрын тосны салбарын сорилт, дэвшилтэт технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч, оролцогч талууд үйлдвэржилтийн гинжин хэлхээг тогтвортой хангах, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлого, чиг хандлагыг хэлэлцэнэ. Тэгвэл “MinePro 2025” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн томоохон төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх болон технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд оролцох тул сонирхогч талууд мэдээлэл солилцож, бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.


Мөн уул уурхайн салбарын хөдөлмөрийн яармагийг ажиллуулж, компаниуд нээлттэй ажлын байраа танилцуулахын сацуу ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, ярилцлага өрнүүлэх юм байна. Тэгвэл “​Уул уурхайн 7 хоног”-ийн сүүлийн буюу гурав дахь өдөр залууст чиглэсэн салбарын шинэ технологи, ажил мэргэжил, сонирхсон чиглэлээр мэдээлэл авах “Future Engineers” үйл ажиллагаа болон “Уурхайчдын наадам” болно. Бэсрэг наадмаар сур харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан болох аж. 



Связанные новости