Азийн үнэт цаасны форум болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 16:16:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Азийн үнэт цаасны холбоодын 30 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо эхэллээ.


Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй форумд 20 гаруй орны хөрөнгийн зах зээлийн 100 гаруй мэргэжилтэн оролцож, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа, тогтвортой санхүүжилт, дижитал шилжилт, бүс нутгийн интеграц, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэж байна.


Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал форумыг нээж,Энэ форум нь бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага, бирж, салбарын холбоод хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх индэр байсаар ирсэн. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас гаргасан “Азийн хөрөнгийн зах зээлийн тайлан”-д дурдсанаар сүүлийн 20 гаруй жилд Азийн хөрөнгийн зах зээл үсрэнгүй хөгжсөн. Тодруулбал, бүртгэлтэй нийт компанийн тоо хоёр дахин, зах зээлийн үнэлгээ дөрөв дахин өссөн. Одоогоор Ази тив дэлхий дахинд бүртгэлтэй бүх компанийн 55, нийт зах зээлийн үнэлгээний 27 хувийг эзэлж байна. Энэ амжилтыг үзүүлэхэд та бүхний хүчин чармайлт, хувь нэмэр их байсныг энд онцлох нь зүйтэй” гэсэн юм.


Азийн 20 гаруй орны 24 мянга гаруй хөрөнгө оруулагчийг эгнээндээ нэгтгэдэг Азийн үнэт цаасны холбооноос зохион байгуулж буй энэ форумыг манай улсад анх удаа зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил бүс нутгийн түвшинд амжилттай хөгжиж байгаагийн илрэл юм. Нөгөө талаар Монголын хөрөнгийн зах зээл, онцлох төсөл, оролцогч талуудыг олон улсын тавцанд өргөн хүрээнд таниулж байгааг оролцогчид онцолжээ.


Монгол Улсын хувьд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, зохицуулалтын орчноо сайжруулах, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд анхаарч ирсэн. Ил тод байдлыг нэмэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, бүс нутгийн уялдаа холбоог гүнзгийрүүлэхийг зорьж буй энэ цаг үед форум болж байгаа нь ач холбогдолтой”-г СЗХ-ны дэд дарга тодотголоо.



Форум Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэх, дотоодын компаниудад гадаад зах зээлээс хөрөнгө татах боломжийг бүрдүүлэх зорилготой “Mongolia’s Capital Market Connectivity” үйл ажиллагаагаар үргэлжилнэ.

Связанные новости