А.Амаржаргал: ОХУ-ын гаалийн татвар өндөр байдгаас экспортод ахиц гарахгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улс, Евро-Азийн эдийн засгийн нийгэмлэг хоорондын Стандарт техникийн зохицуулалт, мал эмнэлэг ургамлын эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагааны уулзалтыг Корпорейт конвейншн зочид буудалд зохион байгууллаа.
ОХУ, Беларус, Казахстан, Армен Киргизстан зэрэг таван улс хамтран 2015 онд Евроазийн эдийн засгийн нийгэмлэгийг байгуулсан бөгөөд эдүгээ дэлхийн хөдөө аж ахуйн 5.5 хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон байгууллагын нэг болсон юм. Манай улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Евроазийн холбооны гишүүн орнуудад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэрлэлд хяналт тавих ажлыг 2010-2016 онд хэрэгжүүлжээ.
Энэ удаагийн уулзалтад тус холбооны долоон төлөөлөгч хүрэлцэн ирж мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гадаад худалдаанд тулгарч буй асуудлыг цэгцлэх, лабораторийн шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хэлэлцлээ. Манай улсаас гадаад харилцааны ажилтнууд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн хяналт, стандарт хэмжил зүйн төвийн мэргэжилтнүүд оролцсон юм. Мөн үеэр Евроазийн орнуудын стандарт, шаардлагыг бизнес эрхлэгчдэд танилцуулах хоёр өдрийн сургалт болж буй юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очир:
-Монгол Улсаас мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэхэд техникийн шаардлага зайлшгүй тавигддаг. Ялангуяа манай хөрш ОХУ болон бусад Евроазийн холбооны орнуудын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн ямар шаардлага тавьдаг талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Тухайн шаардлагыг манай улсын түвшинд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалж үзсэний дараа боломжгүй асуудлыг хэлэлцэж тохирно. Засгийн газрын 2016 онд гаргасан 240 дүгээр тогтоолоор Монгол Улсыг баруун, зүүн,төвийн хэмээн гурван бүс болгон хуваасан. Малын гоц халдварт өвчин гараагүй төвийн болон баруун бүсээс экспортлох маханд тавих стандартыг энэ онд батална. Ингэснээр бүс нутгаас экспорт шууд хийх боломжтой болно. Одоогийн байдлаар манай мах, махан бүтээгдэхүүн ихэвчлэн хоёр хөрш рүү экспортлодог. Өнгөрсөн онд 10 мянга орчим тонн мах экспортод гарснаас 9000 орчим тонн нь БНХАУ-руу гарсан.
-ХХААХҮЯ-ны мэргэжилтэн А.Амаржаргал:
-Манай улс гадагшаа экспорт хийхэд хамгийн элбэг байгаа мах, махан бүтээгдэхүүнээс илүү бусад бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартад нийцсэн байдаг. Жишээ нь архи, согтууруулах ундаа, ноос, ноолууран бүтээгдэхүүнүүдийг дэлхийн стандартаар үйлдвэрлэдэг учир шууд экспортлох боломжтой. Манайд мах, махан бүтээгдэхүүний олон үйлдвэр байгаа ч олон улсын шаардлагын дагуу үйлдвэрлэл явуулж байгаа нь ховор юм. Малын халдварт өвчин гарсан үед ч стандартын дагуу, өндөр технологи төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн тохиолдолд бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Манай улсаас мах экспортлох хүсэлтэй ОХУ-ын компаниуд олон бий. Өнөөдөр тэмээнээс бусад малын мах экспортлох эрх нь нээлттэй ч ОХУ-ын гаалийн татвар өндөр байдгаас болж экспортод төдийлөн ахиц гарахгүй байна. Манай экспортын гаалийн тарифыг тэглэсэн бөгөөд импортын тариф 20 хувь байдаг. Гэтэл Орос улс манайхаас орж ирж байгаа түүхий маханд 38 хувийн татвар авдаг. Тэгэхээр гадагшаа экспортлох, дотооддоо худалдах нь ялгаагүй болчихдог. Түүнчлэн манай улс хонь, ямаа ихтэй учир махыг нь экспортлох сонирхолтой байдаг. Гэтэл гадны орнуудад хонь, ямааны мах эрэлт бага. БНХАУ-руу хонь, ямааны мах экспортлоход Эрээн зэрэг хилийн ойролцоох хотуудад борлуулж байгаа ч томоохон хотуудын хэрэгцээнд нийцэхгүй байна” хэмээн ярилаа.
Дашрамд дурдахад, Манай улс ОХУ болон Евроазийн орнуудад үхэр, адуу, хонь, ямааны ястай, ясгүй мах экспортлох 26, дулааны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэх 10 үйлдвэр экспорт хийж байгаа юм.
М.Аминаа