СКАЛА хөтөлбөрийн Монгол Улсад оруулсан хувь нэмэр, үр дүнг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 16:03:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Манай улсад 2021 оноос хэрэгжиж буй СКАЛА төсөл тогтвортой мал аж ахуй, газар тариалан, усны менежментийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шийдлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна.


НҮБХХ, НҮБ-ын ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй Монголын хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН), Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-ний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” (СКАЛА) хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх оролцогч талуудын уулзалт болсон юм.


Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэхдээ, “СКАЛА хөтөлбөрөөр гадаргын усыг хуримтуулах, мөн Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнээс эхлээд, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтыг тусгах, инновац бүхий хэмжих тайлагнах баталгаажуулах тогтолцоог хөгжүүлж ахиц гаргалаа. Эдгээр нь үндэсний түвшинд бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх, монголын хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг хангахад чухал нөлөөтэй”-г онцлов.


СКАЛА төслийн багийнхан хөтөлбөрийн хэрэгжилт, ололт амжилт, цаашдын алхам, хүрэх зорилтоо танилцуулж, оролцогч байгууллагуудын төлөөлөгч, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүллээ.


НҮБХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо “Хөдөө аж ахуйн салбар нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН), Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-гөөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох нөөц бололцоотой. СКАЛА төсөл бодлогын баримт бичгийн хоорондын уялдааг бэхжүүлж, уур амьсгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт, нотолгооны үндсийг газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт бүрдүүлж байна. Уур амьсгалын арга хэмжээг бодлогод тусгах, олон нийтэд түгээх нь бүс нутаг, дэлхийн түвшний стратегийн яриа хэлэлцээрээр дамжин өрнөдөг. Төслийн хүрээнд боловсруулсан Уур амьсгалын арга хэмжээг үнэлэх, эрэмбэлэх хэрэгслийг үндэсний баг ҮДЗТ, ҮТХН-ийн баримт бичигтэй уялдуулан, хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын системийн түвшинд уур амьсгалын шийдлийг эрэмбэлэхэд ашигласан” хэмээв.


Уулзалтад ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын арга хэмжээ, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны Европ болон Олон улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэлтсийн дарга ноён Ульф Йэкел, Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI) байгууллагын төслийн ажилтан хатагтай Петра Нийлан тэргүүтэй олон улсын төлөөлөгч, их сургуулиуд, ТББ-ын эрдэмтэн судлаачид оролцжээ.

Связанные новости