Ирэх сараас нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар төлбөр төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-иас дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн том оврын автобус троллейбусаар зорчихдоо цахим картаар төлбөр төлнө хэмээн мэдэгдлээ.
Учир нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж авахаар болсон байна.
“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “Нийтийн тээвэрт 100 хувь картаар зорчих ажлыг эхлүүлсэнтэй холбоотой манай байгууллага бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Карт цэнэглэх гэрээт цэгүүдээр өнөөдрөөс эхлэн “U-money”картыг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 2000 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Мөн нийтийн тээврээр ихээр үйлчлүүлдэг иргэддээ зориулж сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг гаргасан. Энэхүү картыг том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Түүнчлэн иргэдийг картаар бүрэн хангахын тулд хотын захын цэгүүдээр 20 мянган ширхэг картыг иргэдэд үнэгүй тараах ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 70 хувь орчим нь бэлэн мөнгөөр үйлчлүүлж байна” гэлээ.
Түүнчлэн бэлэн мөнгөний хайрцаг байршуулснаар нийтийн тээврийн салбарт орох орлого 23 хувиар буурсан гэсэн судалгаа гарчээ. Картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах юм байна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа аж. Харин дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд гэрээт цэгийн тоог 500-д хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Үүнээс гадна нийтийн тээврээр зорчихдоо иргэд U money картаас гадна ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах “Сити пасс” картаар зорчих боломжтой юм.“Сити пасс” картыг ХААН банкнаас захиалан авах аж. Мөн гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. NFC сим картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авах юм байна.
Харин хязгааргүй зорчих эрхтэй сарын хэрэглээний картыг худалдан аваад интернетээр төлбөрөө төлж сунгуулах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ