Дюссельдорфын галт тэрэгний буудалд болсон халдлагын улмаас 7 хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
bars@montsame.mn
2017-03-10 09:43:09

ЛОНДОН. /BBC/. Германы Дюссельдорф хотын галт тэрэгний төв буудалд сүхээр зэвсэглэсэн нэгэн этгээд зорчигчид руу халдсаны улмаас наад зах нь 7 хүн шархаджээ. Цагдаа нар сэжигтнийг саатуулсан ба уг этгээд  хуучин Югославаас гаралтай 36 настай хүн ажээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр, халдлага үйлдэгч этгээд сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй аж.

Шархадсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй боловч тэд амь насанд хүрэхээр хүн шарх аваагүй гэдгийг тодотгожээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд гарсан даруйд  вокзал дотор байсан хүмүүсийг бүгдийг нь гаргаж, уг хэргийн нөхцөл байдлыг тодруулах хүртэл вокзалын барилгыг түр хаажээ.

Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургууд дээр цагдаагийнхан вокзалыг бүсэлж, хэрэг гарсан газрын дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж, вокзалын үүдэнд онцгой байдлын албаны машинууд зогсч байгаа нь харагдаж байв.

Дюссельдорфын цагдаагийн газрын мэдээлснээр, ямар сэдлээр халдлага үйлдсэн нь одоохондоо тогтоогдоогүй байна.

Уг хэрэг явдал болсны дараахан цагдаагийнхан хоёр сэжигтэй этгээдийг баривчилжээ. Гэвч удалгүй халдлагыг нэг хүн үйлдсэн нь тодорхой болсон байна.

Дюссельдорф хотын галт тэрэгний төв буудлаар өдөрт 250 мянга орчим хүн үйлчлүүлдэг ажээ.

О.Барс

 

Связанные новости