Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-24 14:34:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өчигдөр буюу энэ сарын 23-нд хуралдаж, 2017 оны төсөвт тодотгол хийх болсон талаар өнөөдөр Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Алтанзул мэдээлэв.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Сангийн яам, Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-тай хэлэлцээр хийсний дүнд “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах болсон. ОУВС-гаас төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зарлагын хэмнэлт хийх бус татвараа нэмэх нь зөв гэсэн зөвлөгөө өгчээ. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай болон Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль болон Импортын тамхины татварын тухай тогтоолд өөрчлөлт оруулахаар болжээ. Мөн ОУВС-гаас НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх санал тавьсын хувь хэмжээг нэмэгдүүлэх санал тавьсныг Засгийн газар хүлээж аваагүй аж. НӨАТ-ын албан татварыг нэмснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдралд хүндээр тусах магадлалтай гэж үзсэн байна.

Засгийн газраас 2017 оны төсөвт доорх татваруудыг нэмэхээр төлөвлөж байна.

1. Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэх

Засгийн газар 2016 оны 10, 11 сард хоёр удаа тогтоол гарган тонн тутамд нь 400 мянган төгрөгөөр тооцдог байсан албан татварын хэмжээг 50 мянга болгож бууруулсан байна. Үүний дүнд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд 50 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлжээ. Тиймээс уг татварын хэмжээг энэ оны долдугаар сарын 01-нд 1.5-2.6 дахин, аравдугаар сарын 01-нд 1.6-4.3 дахин нэмэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр улсын төсөвт энэ онд 103.2 тэрбум, 2018 онд 227.9  тэрбум, 2019 онд 253.2 тэрбум төгрөг тус тус төвлөрөх юм.

2. Архи, тамхины онцгой албан татвар нэмэх

Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар тооцож авдаг. Үүнийг 2018 онд 10 хувь, 2019, 2020 онд тус бүр таван хувиар нэмэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр улсын төсвийн орлого 2018 онд 13.1 тэрбум, 2019 онд 21.9 тэрбум, 2020 онд 25.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.

3. Суудлын автомашины онцгой албан татвар

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг болон цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтын хэмжээг 50 хувиар бууруулна. Ингэснээр 2017 онд 37.2 тэрбум, 2018 онд 68.8 тэрбум, 2019 онд 75.8 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө.

4. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох

2018 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хувь хүний орлогын хэмжээнээс хамааруулан 10-25 хувиар шатлан тогтооно. Ингэснээр төсвийн орлого 2018 онд 67, 2019 онд 14 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

5. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс иргэдийн хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авна. Энэ хугацааг 8 сараар наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах юм. Үүний дүнд 2017 онд 43 тэрбум, 2018 онд 67 тэрбум, 2019 онд 70 тэрбум төгрөг тус тус төсөвт төвлөрнө.

Төсвийн тодотголыг боловсруулж дууссаны дараа Сангийн яамнаас дээрх татваруудыг нэмснээр өргөн хэрэглээний барааны үнэд хэрхэн нөлөөлөх талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости