Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах санал дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар / МОНЦАМЭ/. "Монгол Улсад гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, цаашдын төлөв" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Премиум зочид буудалд болж, шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй болон болзошгүй нөхцлийг хөндөн ярилцлаа.
Хэлэлцүүлэгт ЦЕГ, ШШГЕГ, Нийслэлийн шүүх болон прокурорын ажилтнууд, өмгөөлөгч, хуульчид, гэр бүл судлаач, хүний эрхийн олон нийтийн байгууллагын ажилтан, хуульчид гээд нэлээд өргөн хүрээний хүмүүс оролцсоноороо онцлог болов. Тэд, Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт ямар түвшинд байгаа талаар болон цаашид гэр бүлийн маргаан шийдвэрлэх, орчин нөхцлийг сайжруулах, шүүгч ажилтнуудыг дагнан мэргэшүүлж, хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулах шаардлагатай эсэх талаар өөрсдийн салбарт хийсэн судлагаа, дүн шилжилгээ, мэдээлллийг нээлттэй хуваалцаж санал бодлоо солилцож, тулгамдсан асуудлынхаа гарцыг хайж байгаа нь анхаарал татсан юм. Нэн ялангуяа энэ үеэр сэтгэл зүйч Л.Галбаатарын онцолсон “Манай улсын хувьд гэр бүлийн маргааны асуудлаар мэргэшсэн шинжээч зөвлөхүүд байдаггүй. Шүүгч бие даан дангаараа шийдвэрлэх хандлага давамгайлж байгаа. Гэр бүлийн маргааныг шийдэхдээ ирээдүйн хэдэн жилийн асуудлыг харж шийдвэр гаргадаг онцлогтой учир зөвхөн шүүгч дангаараа шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Иймээс энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд сэтгэл зүйч, эрх зүй, нийгмийн халамж, боловсрол гэх мэтийн нарийн асуудлаар мэргэшсэн шинжээч мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлагатай. Цаашдаа Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах хууль эрх зүйн боломжийг ч хангах хэрэгтэй байна" гэсэн саналыг олонх хуульч, мэргэжилтнүүд дэмжиж, зөвхөн энэ асуудлыг хуульчлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байв.
Олон хуульчийн хэлснээр гадаадын ихэнх орнууд гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүхтэй, мөн мэргэшсэн шүүгч нартай байдаг юм байна. Харин Монгол Улсын хувьд одоогийн байдлаар дагнасан шүүх, гэр бүлийн хэргийн шүүхийн танхим байхгүй байгаа нь тухайн төрлийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэхэд тулгамдаад буй том асуудал гэдэг дээр тэд ийнхүү санал нэгдсэн юм. Хэлэлцүүлэг дуусахад оролцогсод " Гэр бүлийн дагнасан шүүх" аль эсвэл "Гэр бүлийн хэргийн шүүхийн танхим"-тай болох хэрэгтэй. Мөн шүүгчдийг энэ талаар бэлтгэж мэргэшүүлэх шаардлагатай болсон гэх саналыг дэвшүүллээ.
Ж.Батсайхан