“Жи тайм”-ын сүлжээнд хохирогчид ЦЕГ-т хандсаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Жи тайм” сүлжээний бизнест элсээд, хохирогч болсон иргэд ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт хандаж гомдол мэдүүлэх нь нэмэгджээ.
Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд элссэн иргэдийн хохирлыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурлаас эхлээд хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулсан төрийн албан хаагч ч гомдол гаргажээ. Хохирогч болсон иргэд Мөрдөн байцаах газарт очихдоо, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, бусад баримт, мөнгө авсан урамшуулалтай холбоотой материалуудаа бүрдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. “Жи тайм” сүлжээнд элссэн иргэдийн ихэнх нь төрийн албан хаагч, багш, эмч нар байна. Мөн одоогоор “Жи Тайм” сүлжээний хохирогчдын тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн гэх мэдээлэл байна.
Ж.Батсайхан