Чанартай, аюулгүй эмээр ард иргэдээ хангасан Шинэ Зеландын туршлагаас судалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДШинэ Зеланд улсын хүн ардаа чанартай, аюулгүй эмээр хангадаг туршлагыг манай Эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр туршлага судалж, төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Азийн хөгжлийн банк эмийн зохицуулалтыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын байнгын хорооны зарим гишүүд болон холбогдох албаны хүмүүс Шинэ Зеланд Улсад ажлын айлчлал хийв.
Шинэ Зеланд 1998 онд эмийн бие даасан Агентлаг байгуулснаар чанартай, аюулгүй эмээр ард иргэдээ хангаж, энэ чиглэлээр дэлхийн загвар улс болж чаджээ.
Судалгаанаас үзэхэд дэлхийн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь нь бүртгэлгүй байгаа юм. Ард иргэдэд чанар аюулгүй байдлыг хангасан, баталгаатай эмээр хангах үүднээс бие даасан хараат бус байгууллагатай болохыг ДЭМБ зөвлөдөг. Өнөөдөр Шинэ Зеланд Улсын иргэд авч хэрэглэж буй эмийнхээ чанарт огтхон ч эргэлздэггүйн зэрэгцээ Англи, Австрали, Америкийн иргэдээс 10 дахин их эм хэрэглэдэг байна.
Иргэдийн дунд нийтлэг хэрэглэдэг эмийн худалдааны нэгдсэн журмыг гаргаснаар эмийн үнэ буурах үр дүнд хүрсэн. Эмийн чанар, аюулгүй байдал хяналтын тогтолцоог бүрдүүлж чадсан нь ийм үр дүн гарчээ.
Эм эмийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм.
Д.Өлзий