25-30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлэх нярайн оношилгооны дэвшилтэт төхөөрөмжийг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн төхөөрөмжийг Монголд анх удаа оруулж ирж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө.
Монголд жил бүр 67 мянга гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон нярай эрсдэлд ордог. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоны улмаас урьдчилан сэргийлж болох насан туршийн хүндрэлд орсныг судалгаа харуулж байна.
Эрүүл
мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Эх
нялхсын эрүүл мэндэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж,
оношилгооны технологийг оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд
маш их баярлалаа. Өвчнийг эрт үед нь оношлох явдал маш чухал байдаг.
Хэчнээн үр дүнтэй болохыг эх нялхсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд
маань аль 2010 оноос хойш судалж, ярьж, уг тоног төхөөрөмжийг авахыг хүсэж,
нэвтрүүлэхэд манлайлан оролцсон. Та бүхэнд бас талархлаа
илэрхийлье. Олон олон монгол хүүхдүүд эхээс төрөөд ямар өвчтэй гэдгээ
мэдэхгүй, бодисын солилцооны алдагдал үүсэж, хөгжлийн доройтолд орох, хүндрэх,
онош нь тодорхойгүй явсаар эрчимтэд хэвтэх тохиолдол энэ өдрөөс хойш байхгүй
болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцгойлон хэлье" гэв.
Тандем
масс спектрометри хэмээх энэхүү
технологи нь дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, 25-30 төрлийн бодисын солилцооны эмгэг
илрүүлэх өндөр нарийвчлалтай юм. Эдгээр эмгэгийг эрт илрүүлэн оношилж, эрт
эмчилж чадсанаар хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, бүр цаашлаад амь
насаа алдахаас ч сэргийлэх боломжтой юм.
Тус төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүний санаачилгаар 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулсан хандивын гала үйл ажиллагааны үеэр босгосон юм. Нийт 17 компаниас өргөсөн хандивын ачаар тус эрт илрүүлгийн төхөөрөмжийг санхүүжилт боссоноос хойш хоёр долоо хоногийн хугацаанд оруулж ирэх боломж бүрдсэн нь энэ юм.
“Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сангаас тасралтгүй хэрэгжүүлж буй олон ажлуудын нэг хэсэг нь энэ оношилгооны төхөөрөмж юм. Нярайн оношилгооны хувьд шинэ үе эхэлж байна гэж хэлж болно. Мөн хувийн хэвшлүүд хүчээ нэгтгэж чадвал хурдтай ажиллаж, хүүхдийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулах боломжтойг харуулсан сайн жишиг боллоо” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.