Экспортын бүтээгдэхүүний татварыг бууруулах саналыг оросын талд тавилаа
МОНГОЛЫН МЭДЭЭМҮХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ-тай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
МҮХАҮТ-ын хурлын танхимд болсон эл арга хэмжээнд ОХУ-ын Эрхүү мужийн 26 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченкогийн Монгол дахь айлчлалын хүрээнд болж буйгаараа онцлогтой юм.
Хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтуудаар монголын аж ахуйн нэгжүүд бизнесийн түншлэлээ олох боломж бүрдсэнийг зохион байгуулагчид нь тодотгож байв. Монголын талаас экспортын бүтээгдэхүүний импортын татвар 26-46 хувь байгаа нь тухайн бараанаас олох ашгийн 50 хувийг эзэлж буй аж. Тиймээс эл уулзалтаар оросын талд импортын татварынхаа хувийг бууруулахыг монголын бизнес эрхлэгчид санал болгосныг Монгол-Оросын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд оросын талд уламжилсан юм. Оросын талаас “СХ ПАО Белореченское”, “ЗАО Иркутский Хлебозавод”, “ООО Механизатор”, “ООО Капитель Иркутск”, “ООО Янта-Т” зэрэг уул уурхай, барилга, мод боловсруулалт, химийн үйлдвэрлэл, зам, худалдааны сүлжээ, хүнс, талх нарийн боов, архи, пиво, хөдөө аж ахуй, тээвэр зууч, машин механизмын салбарын аж ахуйн нэгжүүд оролцон бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Тэд бараа бүтээгдэхүүнээ монголын зах зээлд нийлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтаар илэрхийлсэн юм.
“Манай хоёр улсын хооронд ах дүүсийн сайхан харилцаа бий. Энэ харилцааг бид ажил хэргийн хүрээнд ашиглаж ирсэн. Харилцан ашигтай ажиллана гэдэг маш том амжилт. Монгол Улс, ОХУ хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд уг арга хэмжээ ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Эрхүү муж дахь ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Л.А.Курбатова онцолсон юм.
“СХ ПАО Белореченское” компанийн нэгдүгээр орлогч С.С.Франтенко: Бид монголын зах зээл дээр тахиа, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ гаргаад 20 жилийг үджээ. “НВЦ”-г монголчууд андахгүй. Бид “НВЦ” ХХК-тай хамтран монголын хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн хүргэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай компани монголын өндөгний зах зээлийн 60 гаруй хувийг хангаж байна. Монгол Улсыг дотооддоо шувууны аж ахуйтай болгох зорилгоор манай компани “НВЦ” ХХК-д нэг хоногийн настай дэгдээхэй нийлүүлсэн. Энэ ажил маань амжилттай хэрэгжиж эхнээсээ үр дүнгээ өгч буйд нь баяртай байна. Би Монгол Улсад өмнө нь хэд, хэдэн удаа ирсэн. Монголын ард түмэн эдийн засгийн хүнд цаг үеийг туулж байгаа ч урагш тэмүүлж буйг харахад сайхан байна” гэсэн юм.
Харин “Билэгт Хайрхан Консалтинг” ХХК-ийн захирал Ц.Амарсанаа ярихдаа, “Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү уулзалтын үеэр Эрхүү мужийн “ООО Компания НБ”, “ООО Метконструкция” барилгын, металлургын томоохон компаниудтай хамтран ажиллахаар санал солилцлоо. Оросуудтай хамтран ажиллахад их дөт байдаг. Энэ уулзалтаар ярьсан яриа хэлэлцээ ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ийнхүү хоёр талын бизнес эрхлэгчид харилцан бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар эдийн засгаа дэмжинэ гэдэгт санал нэгдсэн юм.
Дашрамд дурдахад Эрхүү муж Монгол Улсын нефтийн импортын 90 хувийг дангаараа хангаж буй юм.
Л.Нандинцэцэг