Умард Солонгос тив алгасах пуужингаа хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-09 15:36:19

ПХЕНЬЯН. /KCNA/. Удирдагч  тушаал өгсөн тохиолдолд алсын тусгалтай пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн амралтын өдөр телевизэд ярилцлага өгөхдөө “манай улс стандарт цөмийн цэнэгт хошууг аль хэдийн бүтээсэн” гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн юм.

АНУ-ын нутагт дэвсгэрт хүрч цохилт өгөх чадалтай алсын тусгалтай пуужинг Умард Солонгос зохион бүтээж байж магадгүй гэж шинжээчид эртнээс таамаглаж байсан билээ.

Зайлшгүй тохиолдолд ийм пуужин харвана гэж Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Харин хэзээ, хаашаа харвахыг нь тус улсын удирдлага шийдэх ажээ.

Г.Доржханд

 

Связанные новости