Бан Ги Мүн НҮБ-ын тэргүүний хувиар сүүлчийн хэвлэлийн бага хурлаа хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-17 11:23:04

НҮБ. /Reuters/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус байгууллагын тэргүүний хувиар сүүлчийн хэвлэлийн бага хурлаа баасан гарагт хийлээ.

Сирийн хойд нутгийн Алеппо хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоосонд харамсч байгаагаа тэрбээр илэрхийлжээ.

“Одоо Алеппо гэдэг үг там гэдэгтэй ижил утгатай сонсогддог болжээ” гэж тэрбээр хэлжээ. Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг аюулгүй үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг талуудад, ялангуяа Сирийн Засгийн газарт тэрбээр уриалж байна.

Умард Солонгосын тухайд тэрбээр хэдэхдээ “тус улс олон улсын хамтын нийгэмлэг рүү буцаж ирэх хэрэгтэй” гээд, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх санал зөрөлдөөнөө цэгцлэхийн тулд хүчин чармайлт гаргахыг бүс нутгийн удирдагчдад уриалжээ.

Бан Ги Мүний НҮБ-ын тэргүүний албан тушаалыг хаших хугацаа энэ оны эцсээр дуусгавар болох юм.

НҮБ-ын тэргүүний суудлаа өгсний дараа юу хийх бодолтой байгааг түүнээс асуухад “ирэх сард Өмнөд Солонгост буцаж очсоныхоо дараа цаашид юу хийхээ бодно” гэжээ.

Өмнө нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан түүнийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлж байна.

Г.Доржханд

Связанные новости