Ф.Фийонд дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-18 17:39:23

ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 18 /DW/. Парис хотын давж заалдах шатны шүүхээс Францын Ерөнхий сайд асан Франсуа Фийонд дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.


“Хуурамч ажлын байр” бий болгон эхнэрээ ажиллуулж байсан хэргээр яллагдсан түүнийг мөн 375 мянган еврогоор торгож, таван жилийн хугацаанд сонгуульд оролцохыг нь хориглох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.


Фийон нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрийн эхнэрийг парламентын ажлын албанд ажиллуулсан гэх боловч Пенелопа ямар ч ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй ажээ. Харин 2017 онд ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө уг булхайтай үйлдэл ил болсноор нэр дэвшигч Фийон өрсөлдөгч Э.Макронд ялагдсан юм.   


Хэдэн жилийн дараа 2022 онд улсын хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэргээр Франсуа Фийонд 4 жилийн хорих ял /3 жил нь тэнсэн харгалзах/, түүний эхнэр Пенелопа Фийонд 2 жилийн тэнсэн харгалзах ял тус тус оноожээ. Давж заалдах шүүхээс уг ялыг хэвээр үлдээсний зэрэгцээ шийтгэлийг дахин хянаж үзэхийг даалгасан байна.


Шүүхийн мэтгэлцээний үеэр Фийон хэлэхдээ, тухайн үед гэр бүлийнхээ гишүүдийг парламентын гишүүний туслахаар ажиллуулах нь түгээмэл байсныг дурдаж байв. Пенелопа нөхрийнхөө туслахаар 1998-2013 онд ажиллах явцдаа нийтдээ 612 мянган еврогийн цалин авсан бол 2005-2007 онд Сенатын гишүүнээр ажиллаж байсан Франсуа Фийон таван хүүхдийнхээ хоёрыг нь өөрийн туслахаар ажиллуулж байжээ. 

Связанные новости