Их-Уул суманд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг цуцалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-12-16 10:13:29

Хөвсгөл аймгийн Их-уул суманд мал амьтны гоц халдварт "галзуу" өвчин илэрсэн тул энэ сарын 1-нээс хязгаарлалтын дэглэм тогтоогоод байсан.

Тодруулбал тус сумын Шивээ багийн “Хөх хошуу” гэдэг газар малчин Э-н 1 үхэр өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, өвчилжээ. Улмаар дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлэхэд мал, амьтны гоц халдварт болон халдварт  “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон. Тиймээс тус сумын Засаг даргын 12 дугаар сарын 01-ний өдрийн А/137 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон юм.

Энэ хугацаанд дахин өвчлөл гараагүй тул сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхэлж хязгаарлалтыг цуцалсан байна.

Н.Туяа

Связанные новости