Хятадын технологи хорт утааг арилгах түвшинд хүртэл хөгжөөгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Huffingtonpost/. Хорт утаагаар амьсгалах нь эрүүл мэндэд асар их хортой билээ. Хорт утаа нь манангаас тэс ондоо бөгөөд манан нь романтик зүйлсийг бий болгодог бол хорт утаа эсрэгээрээ байдаг. Үүний улмаас дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч хотуудын нэг Бээжинд “хорт утааны цагаачлал” гэдэг үзэгдэл газар авч байна.
Эдийн засаг, байгаль орчны хувьд ашиг тустай шар шороон шуурганаас ялгаатай нь Хятадын агаарын бохирдол шууд хор хөнөөл учруулах аюултай юм. Үүний улмаас жил бүр хэдэн зуун мянган хүн амьсгалын замын өвчнөөр нас барж байгааг дурдах нь илүүц байх. Агаарын бохирдол нь мөн авто замын осол аваар гарах шалтгаан болж байна. Хятадын Хөнань мужийн төмөр замд ажилладаг зургаан хүн ачааны вагонд дайруулж амиа алдсан нь агаарын бохирдлоос үүдэлтэй болохыг Хятадын хэвлэлүүдэд бичжээ. Хэрвээ агаарын бохирдолгүй байсан бол ийм осол гарахгүй байх байсан.
Дахин ийм осол гаргахгүйн тулд агаарын бохирдлыг яаралтай арилгах нь чухал. Ингэхийн тулд мөнгө, технологи хоёр хэрэгтэй. Аз болоход Хятадад энэ хоёрын аль аль нь бий. Нэгдүгээрт, Хятад улс ДНБ-ийхээ нэг хувийг агаарын бохирдолтой тэмцэх, байгаль орчноо хамгаалахад зарцуулдаг. Хоёрдугаарт агаарын бохирдолтой тэмцэхэд ашигладаг технологи нь улам бүр сайжирсаар иржээ. Хамгийн сүүлд гэхэд “Fengyun-4” гэдэг цаг уурын хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн билээ.
Гэсэн хэдий ч ирээдүйд Хятадын агаарын бохирдлын хэмжээ буурна гэсэн найдлага бага байна. Зарим нь энэ асуудалд гутранги байдлаар хандаж, 2030 он хүртэл Хятадад агаарын бохирдол арилахгүй гэж үзэж байгаа бол зарим нь Хятад улс энэ зуунд агаарын бохирдлоо арилгаж чадахгүй гэж ярьж байна. Үүнээс үзвэл Хятадын технологи агаарын бохирдлыг арилгах түвшинд хүртэл хангалттай хөгжөөгүй байгаа бөгөөд цаашид хятадууд агаарын бохирдлоос болж ихээхэн хохирол амсана гэж дүгнэж болохоор байна.
Энэ нь "хятадуудын хохь" гэж та бодож болох ч тус улсын хөрш Солонгос улс ч мөн адил энэ хорт утаанаас хохирох магадлалтай байна. Тиймээс БНХАУ энэ асуудлыг БНСУ-тай хамтран хэлэлцэх шаардлагатай юм.
Д.Нямтулга