Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-д зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын ууган сургуулиудын нэг ХСИС-д зочилж, тус сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн шинэ байр, оюутны хотхоны үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхийлөгчийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, эдгээр яамдын газар, хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд дагалдан явав. Монгол Улсын Ерөнхийлөгч ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд хүндэтгэлийн лекц уншсан нь сонирхол татсан юм. ХСИС .ь анх 1934 онд Дотоодыг хамгаалах газрын "Төв сургууль" нэртэйгээр байгуулагджээ. Түүнээс хойш тус сургуулийн түүхэнд цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ болон онцгой байдлын байгууллагад ажиллах боловсон хүчин 19 мянга гаруй дээд боловсролтой эрх зүйч, 39 мянга гаруй мэргэжлийн албан хаагч буюу сэргийлэгч, цагдаа, цагдаа жолооч, хилчин, харуулын дарга, шалгагч, хянагч, шүхэрчин зэрэг шилдэг боловсон хүчнийг бэлтгээд байна. Сургуулийн материаллаг бааз ч бэхжиж, бүтэц зохион байгуулалт нь өргөжиж, эрдэм шинилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг ханган цогцоор нь хөгжүүлж буйд Ерөнхийлөгч сэтгэл ханамжтай байгаа илэрхийлэв. Төрийн дэмжлэг оролцоотойгоор ХСИС нь 40 гаруй мянган метр талбай бүхий 3000 сонсогчийн хичээлийн шинэ байр, тохилог анги танхим, 680 хүний суудалтай соёлын төв, 500 хүний суудалтай номын сан, 400 хүний суудалтай зоогийн газар, давхар бүртээ 90-100 хүний суудалтай 3-4 лекцийн танхим, төрөл мэргэжлийн албаны сургалт, дадлагын лабораториуд нь ч үнэхээр сэтгэл хөдөлгөм бүтээлч сургуулийн өнгө царайг илтгэж байлаа. Яг энэ үеэр ч гал унтраах болон шүхрийн танхим, галын машин хэрэгсэл ажиллуулах лаборатори, хэргийн газар үзлэг хийх өрөө тасалгаануудад амьд хичээл зааж байхыг ч зочид харлаа. Энэ сургуулийн бас нэг ололт нь олон улсын жишигт нийцсэн иж бүрэн кампус хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, сургалтын орчин нөхцлийг бүрдүүлэх материаллаг баазтай байхаар төлөвлөсөн 850 сонсогчийн дотуур байр юм. Олон улсын стандартад нийцсэн буудлагын тийрийг барьж, аюулгүй байдлыг ч бүрэн хангажээ. Бас сургуулийн сонсогч нартаа танин мэдэхүй, оюуны хэрэгцээг хангахуйц үе үеийн төгсөгчдийн алдар гавьяа, түүхэн замналыг харуулсан, биет болон биет бус өвийг хадгалсан, сурталчилгаа, эрдэм судлагааны эргэлтэд орохуйц Музейг шинээр тохижуулсан байна. Ийм л сонирхол татахаар олон зүйлийг Ерөнхийлөгчид үзүүлж, ХСИС-ийнхэн сургуулиараа бахархлаа.
Ж.Батсайхан