Япон улс Номхон далай дамнасан түншлэлд нэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-12-09 15:01:41

ТОКИО./KYODO/. Японы парламентын дээд танхим Номхон далай дамнасан түншлэлд нэгдэн орох тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ. 11 дүгээр сарын эцсээр тус улсын парламентын доод уг хэлэлцээрийг соёрхон баталсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп АНУ-ыг уг түншлэлд элсүүлэхгүй, Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн тэр өдрөө л улс орноо энэ түншлэлээс гаргана гэж нэг бус мэдэгдэж, эсэргүүцсэн байр сууриа шуудхан илэрхийлсээр байгаа энэ үед Японы парламент дээрх хэлэлцээрийг баталлаа. Хэдийгээр Барак Обама ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа боловч АНУ-ын Конгресс уг хэлэлцээрийг өнөөг хүртэл батлаагүй байна.

Номхон далай дамнасан түншлэл /TPP/ гэдэг нь Ази-Номхон далайн бүс нутагт орших Австрали, Бруней, Вьетнам, Канад, Малайз, Мексик, Шинэ Зелан, Перу, Сингапур, АНУ, Чили болон Япон гэсэн 12 улсын худалдааны түншлэлийн холбоо юм.

Энэ түншлэлийн зорилго нь тарифын саадыг цуцлах, худалдаа, экологи, хөдөлмөрийн харилцаатай холбоотой дүрэм журмыг боловсронгуй болгох замаар хамтын ажиллагаанд тааламжтай нөхцлийг бий болгох явдал юм. Түншлэл байгуулах тухай хэлэлцээрт Шинэ Зеланд улсын Окленд хотод гарын үсэг зурсан билээ.

Түншлэлд багтсан улс орнууд дэлхийн ДНБ-ний 40 орчим хувийг үйлдвэрлэж, дэлхийн худалдааны эргэлтийн 1/4 гаруй хувийг эзэлж байна.  

Х.Сарнай  

Связанные новости