Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг 7 өртөөнд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-11-23 17:03:23

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аяныг зохион байгууллаа.

Тус галт тэрэг Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Замын-Үүд, Сайншанд, Чойр гэсэн долоон өртөө зангилаанд ажиллаж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог  сайжруулах,  иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдээлэл өглөө.

Аяны хамт олон дээрх зангилааны төмөр замчид, нутгийн иргэд болон албан хаагчдад “Архи, тамхины хор хөнөөл”, “Архинд донтох эмгэг-Ажлын байран дахь архидалт”, "Төмөр замын аюултай бүс гарам" зэрэг сэдвээр болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмээр сургалт явуулсан байна. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийг хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон хүчирхийлэлд өртсөн үед хэрхэн туслах тухайд зөвлөгөө мэдээлэл өгчээ.  

Мөн тухайн орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад Улаанбаатар төмөр замын замын 1, 3 дугаар ангийн ажилтнаар сургалт оруулснаар Тээврийн тухай хууль, төмөр замын аюултай бүсийн дэглэм, гармын талаарх мэдлэг мэдэгдэхүүн олгож,  төмөр зам дагуу гарсан гэмт хэрэг, зөрчлийн судалгааг танилцуулан галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсны улмаас үүсэх хор хохирлын талаар мэдээ мэдээлэл солилцон цаашид хамтран ажиллахаар тогтсон байна.

Б.Туул

 

 

Связанные новости