Мелания Трамп хүүгийн хамт Нью-Йоркт үлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-21 13:52:59

НЬЮ-ЙОРК. /Ibtimes/. АНУ-ын ирээдүйн тэргүүн хатагтай Мелания Трамп болон түүний 10 настай хүү Баррон нар Дональд Трампыг ажлаа хүлээн авсны дараа Нью-Йорк хотод үлдэнэ гэж “New York Post” сонинд бичжээ.

Д.Трампын сонгуулийн кампанит ажил Барронд хүндхэн туссан бөгөөд Мелания Трамп иймэрхүү асуудлаас хүүгээ холхон байлгахыг хүсч байна гэж төрийн эрх мэдлийг шилжүүлэх ажлыг хариуцсан багийн нэгэн гишүүн мэдэгдсэн байна.

Өөр нэгэн эх сурвалжийн ярьснаар, хатагтай Трамп шаардлагатай тохиолдолд Цагаан ордонд очих боловч тэрбээр хүүдээ гол анхаарлаа хандуулах аж.

Мелания Трамп эр нөхрөө байнга дэмждэг бөгөөд тэргүүн хатагтайн хувьд хийх ёстой бүхнийг хийхэд бэлэн байгаа гэж өөр нэгэн эх сурвалж ярьсан байна. Мелания болон түүний хүү энэ хичээлийн жил дууссаны дараа Цагаан ордонд нүүн ирж магадгүй боловч энэ талаар тодорхой төлөвлөгөө гараагүй байгаа аж. 

Харин Трампын гэр бүлд ойр байдаг эх сурвалж ярихдаа “Мелания хүүдээ амьдралаа зориулсан. Тэрбээр хүүхэд асрагчдад найддаггүй, өөрөө хүүгээ сургуульд нь хүргэж өгч, авдаг” гэсэн байна. Түүний хүү Баррон жилийн 50 мянган долларын төлбөртэй сургуульд сурдаг ажээ.

Тэд 5-р өргөн чөлөөнд байрлах гэртээ үлдсэн тохиолдолд Нью-Йорк хотын цагдаа нар болон Аюулаас хамгаалах хүчнийхний гүйцэтгэх ажил нэмэгдэх болно гэж ажиглагчид үзэж байна.

Д.Нямтулга

 

Связанные новости