Энэтхэгт галт тэрэг осолдсоны улмаас 100 орчим хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-20 14:26:50

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужид 14 вагон бүхий буухиа галт тэрэг замаасаа гарсны улмаас 96 хүн амиа алдсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ осол орон нутгийн цагаар ням гарагт шилжих шөнийн 03:00 цагийн үед тус улсын Канпур хотоос холгүй болжээ.

Ослын улмаас мөн 120 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Галт тэрэг чухам ямар шалтгааны улмаас замаасаа гарч осолдсон нь хараахан тодорхойгүй байна.

Канпур нь төмөр замын гол зангилаа бөгөөд өдөрт хэдэн зуун галт тэрэг тус хотоор дамжин өнгөрдөг ажээ.

Энэтхэгийн төмөр замын техник, тоног төхөөрөмжийн дийлэнх нь  хуучирч үеэ өнгөрөөсөн учир галт тэрэгний осол түгээмэл болдог байна. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Уттар-Прадеш мужид галт тэрэг осолдсоны улмаас  39 хүн амиа алдаж, 150 хүн гэмтэж бэртэж байв.

Тус улсад өдөр  23 сая хүн галт тэргээр зорчдог гэнэ.

Г.Доржханд

Связанные новости