ХОВД: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээнд 10 мянга гаруй хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-11 18:33:16

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас энэ онд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг бий болгох нөлөөллийн ажлыг үе шаттай хэрэгжүүллээ.

Онцлоход,  тус байгууллага, бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран Ховд аймгийн хүчирхийллийн гаралт өндөр бүртгэгдсэн 10 суманд “Хүүхэд-100” сэдэвт хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлсэн байна.

Үүнд 10200 иргэн, хүүхэд, залуус хамрагдаж, хүүхэд хамгааллын тухай хууль болон гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэгээ сайжруулжээ.    

Мөн холбогдох мэргэжилтнүүд хүүхдийн асран хамгаалагч тогтоох, нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүүхдийн тоглоомын талбай стандартад нийцсэн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулсан юм.

Үүнээс гадна нийгмийн хамгааллын салбарын материаллаг баазыг нэмэгдүүлж, хүний нөөцийг мэргэшүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын дагуу "Хамтын шийдэл, хамгаалагдсан ирээдүй” сургалт зохион байгуулж, Ховд аймгийн 17 сумын 29 хамтарсан багийн 243 гишүүнийг чадавхжууллаа. Ингэснээр хамтарсан багийн үйл ажиллагаа чанаржиж, хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний хүртээмж өргөжих, салбар хоорондын хамтын ажиллагаа сайжрах боломж бүрджээ.

Мөн энэ онд хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. 

Связанные новости