ХОВД: Цэргийн их буу XVIII зууны үед холбогдоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд 3100 гаруй ховор үзмэр бий. Үүний дотор ган төмрөөр цутгаж бөгжлөн хийсэн монгол цэргийн их буу хадгалж байна.
Энэ бууг хаанаас, хэн олж ирсэн нь тодорхойгүй. Бууны урт нь 185 см, гол төмрийн диаметр нь гурван см, жин нь 52 кг, 720 гр юм.
Их бууг зургаан хэсэг металлыг нийлүүлэн гагнаж хийсэн ба ингэхдээ бууны амсраас хойш 89 см-т хоёр талд нь бууг суурилуулах зориулалттай төмөр шон гаргажээ.
Сумны үүр нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд 24 см урттай. Бууны төгсгөлийн хэсэгт чиглүүлэгч бариултай юм.
Монголын зэвсгийн түүхэнд 1076 онд Кидан улс дарьт зэвсэг галт буутай, XIII-XIV зууны үед монгол цэргийн зэвсгийн бүрэлдэхүүнд дарьт зэвсэг их буу байсан, түүнийг дайн байлдаанд хэрэглэж байсан тухай мэдээлэл бий. Мөн XVIII-XIX зууны үед Зүүнгарын нутагт мортир гэдэг их бууны үйлдвэрийг байгуулахад Шведийн олзны офицер Ренат их үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Ховд аймгийн музейд хадгалж буй тус их буу нь XVIII зууны үеийн түүхэнд холбогдол бүхий байж магадгүй гэж судлаачид тодорхойлжээ.
Ulaanbaatar