ОРХОН: Эрдэнэт хотын өдөр тохиож байна

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov
2025-12-11 14:15:03

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Анхдагч, илгээлтийн эздийн хөшөө, А.Амарын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэн цэцэг өргөлөө. 


Эрдэнэтийн их бүтээн байгуулалт Эрдэнэтийн овооны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 1974 онд Булган аймгийн "Эрдэнэт хороо" нэртэйгээр анх байгуулагдсан. Үүний дараагаар хорооны хөгжил, хүн амын өсөлтийг харгалзан 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хороог улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарч, тус өдрийг аймгийн ИТХ-ын 2017 оны 08/07 дугаар тогтоолоор "Эрдэнэт хотын өдөр", 2019 оны 76 дугаар тогтоолоор "Анхдагч, илгээлтийн эзэд"-ийн өдөр болгон хамтатган тэмдэглэх шийдвэр гарч байв. 


Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэгэн зэрэг 14 мянга гаруй барилгачид барилгын 20 удирдах газарт нэгдэн хамтран ажиллаж, 1975 онд 8000 оршин суугчтай барилгачдын хотхон, Салхит-Эрдэнэтийн 167 км төмөр зам, 1976 онд ОХУ-Галуут нуур-улсын хил-Эрдэнэтийн цахилгаан дамжуулах 407 км шугам, 1977 онд Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах 64 км шугам хоолойн барилга байгууламжуудыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан юм. 


Хэдхэн жилийн дотор илгээлтийн эзэд соёл үйлчилгээний 570 гаруй барилга, байгууламжийг ашиглалтад оруулсаар өдгөө Эрдэнэт хот XX зууны манлай бүтээн байгуулалт болтлоо өргөжин тэлсэн.


Өнөөдөр энэ өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагууд ЕБС-ийн сурагчдад Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан хичээл орж, шинэ төрийн үйлчилгээний төвүүд ашиглалтад орсноос гадна урлагийн тоглолт, сүлд модны гэрлээ асаах зэрэг үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна.