ЗАВХАН: Хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-28 14:27:44

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 28-29-ний шөнө ихэнх нутгаар, 29-ний өдөр  нутгийн хойд, төв, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн, 10.00 цагийн өртөө, харуулын мэдээгээр Цагаанхайрхан, Тэс, Цагаанчулуут сумын нутгаар 14-17 см, Баянхайрхан, Цэцэн-Уул, Баянтэс сумдын нутгаар 10-12 см зузаан буюу хамгийн их цастай байна. Түдэвтэй, Улиастай, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан сумдын нутгаар 8-10 см, бусад сумын нутгаар 5-7 см зузаан цастай байна.


27-28-ны шилжих шөнө ихэнх нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 2-12 м/с, зарим нутгаар түр зуур 11-17 м/с ширүүсэж, цасаар шуурсан байна. Улсын болон орон нутгийн чанартай зам даваанд цас орж шуурсны улмаас халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Өнөөдөр ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, нийт нутгаар эрс хүйтэрнэ.


Иймд иргэд онцын шаардлагагүй бол хол ойрын замд зорчихгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхэд, өндөр настныг малд явуулахгүй байхыг анхааруулж байна. 

Связанные новости