ТӨВ: Зуунмод сумын 150 хүүхэд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-19 17:44:52

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Иргэний андгай” өргөх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 23 дахь жилдээ улс орон даяар зохион байгууллаа. Энэ онд Төв аймгийн хэмжээнд 1862 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болж өнөөдөр Зуунмод суманд 150 хүүхэд “Иргэний андгай” өргөж, 32 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.


Ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэлэхдээ, Иргэний андгай бол зүгээр нэг ёслол биш, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээж буй үүрэг, хариуцлагын эхлэл юм.


Монгол Улсын иргэн байна гэдэг нь эрх чөлөөг эдлэхээс гадна улс үндэстний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө өөр өөрийн байр сууринаас хувь нэмрээ оруулах их нэр хүндтэй, ариун үүрэг билээ. Монголын маргаашийг бүтээлцэх хойч үеийн төлөөлөл залуус та бүхэн зөвхөн өнгөрснөө дурсахаас гадна ирээдүйгээ итгэл төгс харах учиртай.


Монгол Улсын ирээдүй, хөгжлийн гол хүч, хойч үеийн төлөөлөл болсон залуус та бүхнээсээ боловсрол мэдлэгээрээ Дэлхийд өрсөлдөх чадвартай, эх оронч сэтгэлтэй, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэгч иргэн болж сурч хүмүүжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна.


Та бүхэн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ итгэлийг дааж, Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчид байх болно гэдэгт бид бүрэн итгэж байна.


Иргэний үнэмлэхээ гардан авч буй залуус та бүхэнд дахин баяр хүргэж, эрдэм номын оргилд хүрч, эх орондоо хэрэгтэй зөв иргэн, өрх гэртээ түшиг тулгуур, нийгэмдээ үнэт хүмүүн болж ихийг бүтээж явахыг хүсэн ерөөе гэсэн юм.

 

Связанные новости