Герман, Нидерландын хөлбөмбөгчид ДАШТ-ий эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр
сарын 18 /DW/. Өчигдөр Лейпциг хотод болсон сонгон шалгаруулах тэмцээний финалын шатанд Герман улсын хөл бөмбөгийн шигшээ баг Словакийн багийг 6:0 харьцаагаар
хожсоноор ДАШТ-2026-д оролцох эрхээ авлаа.
Өмнө нь есдүгээр сард болсон эхний
тоглолтод Словакийн шигшээ 0:2 харьцаагаар хожсон юм. Энэ удаад Германы баг
тоглолтын эхний үеэс илт давамгайлж эхлэв. 18 дахь минутад довтлогч Ник
Вольтемаде эхний гоолыг оруулсан бол Лерой Сане дубль хийж, Серж Гнабри, Ридле
Баку, Ассан Уэдраого нар тус бүр нэг гоол орууллаа.
Ингэснээр Германы баг 15 оноотой
болж, сонгон шалгаруулах тэмцээний А хэсгийг тэргүүлсэн бол 12 оноотой
Словакийн шигшээ, 9 оноотой Умард Ирландын баг хоёр ба гуравдугаарт
байруудад шалгарч, бусад хэсгийн багуудтай нэмэлт тоглолт хийхээр боллоо. Харин
оноо аваагүй Люксембургийн баг тэмцээнээс хасагдаж байна.
Мөн өдөр Нидерландын шигшээ баг сонгон шалгаруулах тэмцээний сүүлчийн шатанд 4:0 харьцаагаар Литва улсын багийг хожсоноор нийт 20 оноотой болж, G хэсгийг тэргүүллээ. Хоёрдугаар байрт орсон Польшийн шигшээ баг бусад хэсгээс шалгарсан багтай нэмэлт тоглолт хийнэ.
Германы баг ДАШТ-д /1954, 1974, 1990, 2014/ дөрвөн удаа түрүүлснээс гадна мөнгө, хүрэл медалиуд хүртэж байсан бол Нидерландын хөлбөмбөгчид ДАШТ-ий финалд гурван удаа /1974, 1978, 2010/ шалгарснаас гадна 2014 онд хүрэл медаль хүртжээ.
Одоогийн байдлаар ДАШТ-2026-д
оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан,
Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай,
Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Катар, Англи,
Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват, Португал, Норвег гэсэн 34
улсын шигшээ багууд хангаад байна.
АНУ, Канад, Мексикиийн 16 хотод
2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэлх явагдах ДАШТ-д
48 улсын шигшээ багууд оролцохоос 16 нь Европ тивийг төлөөлнө. Тус тэмцээний
сугалаа ирэх 12 дугаар сарын 5-нд Вашингтон хотод явагдана.
Связанные новости
Ulaanbaatar