Португал, Норвегийн шигшээ багууд ДАШТ-д шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-17 09:39:18

ПАРИС, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /AFP/. Португалын шигшээ баг ням гарагт Арменийг 9:1-ээр буулган авч, Эрлинг Хааландын дублийн ачаар Норвегийн шигшээ Италийг 4:1-ээр хожсоноор 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авлаа. 


Криштиану Роналдугийн эзгүйд Португалын Порто хотод болсон тоглолтын үеэр хагас хамгаалагч Бруно Фернандес, Жуан Невеш нар хет-трик хийсэн бол Ренато Вейга, Гонсало Рамос, Франсиско Консейсао нар гоол оруулжээ. 


“Хамгийн чухал зүйл бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарах явдал байсан. Миний хувьд багаа үргэлж хувь хүнээс дээгүүр авч үздэг. Би шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо, мөн хоёр, гурав дахь гоолоо оруулсандаа маш их баяртай байна” гэж Пари Сен-Жермений тоглогч Ж.Невеш RTP телевизэд ярьжээ.


Ингэснээр Португалын шигшээ ДАШТ-д долоо дахь удаагаа дараалан оролцох гэж байгаа нь энэ бөгөөд “ЕВРО-2016”-гийн аварга баг дэлхийн цомын тэмцээнд хараахан түрүүлж чадаагүй байна. “Бид ДАШТ-д оролцохоор боллоо! Урагшаа, Португал!” гэж К.Роналду нийгмийн сүлжээний хаягтаа бичжээ.


Харин Норвегийн баг 1998 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцохоор болжээ. “Миний бие баяртай байгаа ч түүнээс илүүтэй тайвширсан мэдрэмж төрж байна. Маш их дарамт шахалт мэдрэгдэж байсан боловч одоо бүх зүйл сайхан байна” гэж улирлын туршид 16 гоол оруулсан Э.Хааланд TV 2 телевизэд ярилаа.




Связанные новости