Токиогийн Дипфлимпын нээлтийн ёслол боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-16 11:25:48

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 16 /NHK/. Японы нийслэл Токио хотноо Дифлимпын наадмын нээлтийн ёслол амжилттай боллоо. Сонсголын бэрхшээлтэй тамирчдад зориулсан энэхүү олон улсын тэмцээн нь ийм хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хүн бүрд амьдрахад таатай нийгмийг сурталчлан таниулахыг эрмэлзэж байна.  


Ёслолын үйл ажиллагаа Токио хотын “Tokyo Metropolitan Gymnasium” спорт цогцолборт бямба гарагт болжээ. Япон улс Дифлимпын наадмыг түүхэндээ анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Анхны тэмцээн 1924 онд Францын нийслэл Парис хотод болж байлаа.


Энэ удаагийн наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 3081 тамирчин бүртгүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Тамирчдын парадын үеэр Японы уламжлалт бүжгийн жүжигчид үзүүлбэр үзүүлсэн байна.


Японы тамирчид хамгийн сүүлд туг баригч Огүра Рёог даган гарч иржээ. О.Рёогийн хувьд каратэгийн төрөлд хоёр дахь алтан медалиа дараалан хүртэхийг зорьж байна. Японыг төлөөлөн хамгийн олон буюу 268 тамирчин оролцох ажээ.


Нээлтийн ёслолын ажиллагаанд Японы угсаа залгамжлах хунтайж Фүмихитогийн гэр бүл, Ерөнхий сайд Такаичи Санаэ болон бусад төлөөлөгчид оролцжээ. Т.Санаэ үг хэлэхдээ, тамирчид хүнд хэцүү бэлтгэл сургуулилалт хийж, олон бэрхшээлийг даван туулсны дүнд Дифлимпын наадамд хүрэлцэн ирснийг онцлоод, оролцогч бүрийн хүчин чармайлт, хүсэл тэмүүлэл, тэсвэр тэвчээрийг гүнээ хүндэтгэж байгаагаа илэрхийллээ.


Түүнчлэн Ерөнхий сайд оролцогчдоос өөрсдийн ур чадвараа бүрэн дүүрэн харуулж, шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг дэлхий нийтэд үзүүлээсэй хэмээн хүсэж байгаагаа хэлсэн байна. Мөн Дифлимпын наадам нь Япон даяарх илүү олон хүнд дохионы хэл болон харилцааны бусад янз бүрийн аргын талаар суралцах боломж болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Дифлимпын наадмыг Олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын хороо зохион байгуулдаг. Тус хорооны ерөнхийлөгч Адам Коса наадам албан ёсоор эхэлснийг зарласан байна. Дифлимпын наадам 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Токио болон бусад газарт спортын 21 төрлийн тэмцээн уралдаанууд явагдах ажээ.



Связанные новости