Александр Могильный Алдрын танхимд заларлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 11/РИА Новости/. Оросын нэрт хоккейчин, Олимпын аварга, “Гурвалсан алтан клуб”-ийн гишүүн Александр Могильныйн нэрийг Торонто дахь хоккейн Алдрын танхимд албан ёсоор мөнхөлжээ.
Алдрын танхимын гишүүнээр
элсүүлэх ёслолын ажиллагаа мягмар гарагт шилжих боллоо. Харин Могильный өөрөө
уг ёслолд биечлэн оролцоогүй бөгөөд дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Могильныйгоос гадна энэ онд хоккейчин Жо Торнтон, Данкан Кит, Здено Хара, Брайанна Деккер, Дженнифер Боттерилл нарыг, мөн хоккейн спортын зүтгэлтэн Жек Паркер, Даниэль Соважо нарыг Алдрын танхимд гишүүнээр элсүүлжээ.

Өдгөө 56 настай А.Могильный Хойд Америкийн Үндэсний хоккейн лигт 17 улирал тоглохдоо 2000 онд "Нью-Жерси Девилз" багийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомыг хүртэж, 1988 оны Олимпын аваргаар шалгарч, ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 1989 онд дэлхийн аварга болж байв.
1993/94 оны улиралд "Баффало Сейбрз" багт тоглож байхдаа А.Могильный Үндэсний хоккейн лигт Оросын хоккейчдоос анх удаа багийн ахлагчаар сонгогдож байлаа.
2009 онд түүнийг Алдрын танхимын
гишүүнд анх удаа нэр дэвшүүлж байжээ.
Ташрамд дурдахад, “Гурвалсан алтан клуб” гэдэг нь Олимпын наадам, ДАШТ ба Стэнлийн цомд түрүүлсэн хоккейчдыг алдаршуулсан нэршил юм.
Ulaanbaatar