Гретцкигийн дахин нэг дээд амжилтыг Овечкин эвдэх боломжтой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-09 12:56:40

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /РИА Новости/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн "Вашингтон Кэпиталз" багийн ахлагч А.Овечкин ойрын үед Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн тогтоосон бас нэгэн түүхэн дээд амжилтыг эвдэх боломжтой гэж Олимпын хошой аварга, Стэнлийн цомыг гурван удаа хүртсэн Оросын алдарт хоккейчин, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Вячелав Фетисов үзэж байна.


А.Овечкин лигийн аварга шалгаруулах тэмцээний 1504 тоглолтод оролцохдоо 900 гоол оруулж, дээд амжилт тогтоогоод байгаа билээ. Тэгвэл У. Гретцки 1487 тоглолтод 894 гоол оруулснаар өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан юм. Харин лигийн аварга шалгаруулах тэмцээнүүд ба Стэнлийн цомын тэмцээний плей-оффын шатанд оруулсан гоолынхоо тоогоор Канадын хоккейчин рекорд тогтоогоод байгаа бөгөөд /лигт 894 гоол, Стэнлид 122 гоол/ нийтдээ 1016 гоол оруулжээ. Харин Овечкины хувьд энэ тоо 977 /лигт 900 гоол, Стэнлид 77 гоол/ байгаа юм.    


“Миний бодлоор Саша маань У. Гретцигийн өөр нэгэн дээд амжилтыг эвдэх боломжтой. Үүний тулд 40 гоол оруулах ёстой бөгөөд үүнээс 30-ыг нь лигийн аварга шалгаруулах тэмцээнд, 10-ыг нь Стэнлийн цомын плей-оффын тоглолтуудад оруулах хэрэгтэй. Түүнд үүнийг хийх бүрэн боломж бий, магадгүй энэ улиралдаа багтаагаад рекорд тогтоохыг үгүйсгэхгүй” гэж В.Фетисов ярилаа.  


Өдгөө 40 настай А.Овечкин Үндэсний хоккейн лигт 21 дэх улиралдаа тоглож байгаа бөгөөд энэ улиралд 14 тоглолтод оролцохдоо 3 гоол оруулж, 7 удаа оновчтой дамжуулалт хийжээ.

Связанные новости