К.Роналду удахгүй зодог тайлна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /AFP/. Португалын шигшээ болон “Аль-Наср” клубийн од Криштиану Роналду спортын гялалзсан замналаа гунигийн нулимстайгаар өндөрлүүлэхэд бэлтгэн “удахгүй” зодог тайлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
К.Роналду “Piers Morgan Uncensored” ярилцлагын шоунд оролцох
үеэрээ зодог тайлах тухайгаа болон хөл бөмбөгийн замналаа дуусгасны дараах ирээдүйн амьдралынхаа талаарх бодлоо хуваалцсан байна. Өдгөө 40 настай, 952 гоол
оруулсан гайхалтай амжилтын эзэн тэрбээр хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон
шагнал хүртсэн тоглогчдын нэг бөгөөд түүний гайхалтай замналын төгсгөл ойртож
байна.
“Аль-Наср” багтай 2027 он хүртэл гэрээ байгуулаад байгаа К.Роналдугаас
шаахайгаа хэзээ өлгөх талаар асуухад “Удахгүй. Гэхдээ үүнд би бэлтгэлтэй байх болно
гэж бодож байна. Мэдээж энэ бүхэн хэцүү байх болно. Хэцүү байх уу? гэвэл тийм
ээ, магадгүй нулимс унагах байх. Би нээлттэй хүн. Энэ нь маш хэцүү байх
болно. Гэхдээ би 25, 26, 27 настайгаасаа хойш ирээдүйдээ бэлдсээр ирсэн. Тиймээс би энэ дарамтыг тэсвэрлэж чадна гэж бодож байна” хэмээн
хариулжээ.
К.Роналду гэр бүл болон талбайн гаднах өөрийн сонирхдог зүйлсдээ
анхаарал хандуулахыг хүсэж байгаа тул хөл бөмбөггүйгээр амьдарч чадна гэдэгтээ
итгэлтэй байгаа аж. “Хөл бөмбөгийн ертөнцөд гоол оруулах үед ялгардаг
адреналиныг юутай ч зүйрлэхийн аргагүй. Гэхдээ бүх зүйл эхлэл бас төгсгөлтэй.
Надад өөр хүсэл тэмүүлэл бий. Би өөртөө, гэр бүлдээ, хүүхдүүдээ өсгөхөд илүү их
цаг гаргах болно” гэж тэрбээр хэлсэн байна.
“Би Криштиану Жуниорыг дагаж явахыг хүсэж байна, учир нь түүний
хувьд хүүхдүүд тэнэг зүйл хийдэг насан дээрээ байгаа. Би ч бас адилхан л байсан.
Матео ч бас хөл бөмбөгт дуртай. Түүнчлэн би илүү хөгжилтэй зүйл хийхийг хүсэж
байна. Би дотны найзуудтайгаа падел тоглох дуртай. Бид нэлээд сайжирч байгаа”
гэж тэрбээр ярьжээ.
“Спортинг” клубээс гараагаа эхэлсний дараа К.Роналду “Манчестер
Юнайтед”, “Реал Мадрид”, “Ювентус” багуудад амжилттай тоглосон юм. Тэрбээр “Манчестер”-т
анх нэгдэхдээ Премьер лигийн гурван цом, Аваргуудын лигийн бусад цомыг хүртсэн
билээ. К.Роналду 2022 онд “Юнайтед”-аас хоёр дахь удаагаа явсныхаа дараа Саудын
мэргэжлийн лигийн “Аль-Наср” клубт элссэн юм.
Тэрбээр Премьер Лигийн тус клубийн одоогийн менежер болох
Португалын багийн анд Рубен Аморимтой ойр дотно харилцаатай байсан тул Премьер
Лигийн клубийн тоглолтод анхаарч байгаа юм. Гэхдээ “Алтан бөмбөг”-ийн таван
удаагийн эзэн 12 сарын өмнө “Олд Траффорд”-д ирснээсээ хойш галзуу хулгана дээр
байгаа Р.Аморимоос гайхамшиг хүлээх хэрэггүй гэж “Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчдэд
анхааруулжээ.
“Түүний хувьд чадах бүхнээ хийж байна. Та нар юу хийхийг
хүсэж байна? Гайхамшиг. Гайхамшиг гэдэг боломжгүй зүйл. Тэр гайхамшиг
бүтээхгүй. Тэдэнд сайн тоглогчид байгаа боловч зарим нь “Манчестер Юнайтед” гэж
юу болохыг ч төсөөлөхгүй байна. “Манчестер Юнайтед” миний зүрх сэтгэлд байсаар
байгаа. Би энэ клубт хайртай. Гэхдээ бид бүгдээрээ шударга байж, “Сонс, та нар зөв замаар явахгүй байна” гэж
хэлэх хэрэгтэй. Тэдэнд өөрчлөлт хэрэгтэй бөгөөд энэ нь зөвхөн дасгалжуулагч,
тоглогчдын асуудал биш гэж бодож байна” хэмээн К.Роналду ярьжээ.
Ulaanbaatar